Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар болзошгүй гамшгийн үед түр цуглах газрын байршил, хэмжээг тогтоох төслийн тухай хэлэлцлээ. Хуралдаанаар гамшгийн үед түр цуглах газрыг дахин нэмэгдүүлэх асуудал дэмжигдсэн байна. Хамгийн чухал нь тэдгээр түр хорогдох газруудын байршлыг иргэдэд мэдээлж дамжуулах нь чухал гэдгийг онцолж байлаа.
Нийслэлийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2016 оны 94-р тогтоолоор түр хорогдох 111 байршлыг тогтоосон. Энэ удаад түр хорогдох байршлыг илүү их хүртээмжтэй мөн олон улсын стандартад нийцүүлэхийн тулд түр хорогдох газрын байршил хэмжээг дахин тогтоох төслийг хэлэлцсэн юм. Төсөлд одоогийн байгаа түр хорогдох 111 байрыг дахин 82-оор нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Болзошгүй гамшгийн үед хорогдох байр олон улсын стандартад нийцсэн байх нь чухал гэдгийг тэргүүлэгчид онцолж байлаа. Жишээ нь гамшгийн үед иргэдэд нисдэг тэргээр аврах үйл ажиллаа үзүүлнэ. Тиймээс нисдэг тэрэг газардах талбай хэрэгтэй. Мөн том оврын автомашин орох, орц гарцтай байх шаардлагатай гэдгийг онцолж байлаа.
Нисдэг тэрэг газардах шаардлагатай нөхцөлд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр талбай байхгүй гэж үзлээ. Тиймээс болзошгүй гамшгийн үед иргэдэд аврах ажиллагааг агаараас үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Харин том оврын автомашины орц гарц талбайн хувьд хөдөлгөөн хязгаарлагдахгүй гэж үзжээ.
Баянгол дүүрэгт 2 байршилд, Баянзүрх дүүрэгт 25 байршилд, СХД-т 10 байршилд, СБД-т 9 байршилд, Хан-Уул дүүрэгт 26 байршилд, Чингэлтэй дүүрэгт 3 байршилд, Багануур дүүрэгт 3 байршилд, Налайх дүүрэгт 4 байршилд гэсэн нийт 82 байршилд 44.23 га талбайгаар гамшгийн үед түр цугларах газрын байршил хэмжээг нэмэгдүүлэхээр тогтлоо.