Насанд хүрсэн хүнийг бодвол нярай болон бага насны хүүхдүүдийн чих өвдөх нь элбэг байдаг. Нийт нярай хүүхдүүдийн 50-аас дээш хувь нь буюу 2 хүүхэд тутмын нэг нь чихний өвдөлттэй учирдаг гэсэн судалгаа ч байдаг. Үүнд хэд хэдэн учир шалтгаан бий.
Хамар нь байнга битүү байснаар агааржилт алдагдан чихний өвчинд амархан өртдөг. Хүүхэд том хүнийг бодвол дулаанаа илүү амархан алддаг. Иймээс дархлаа тогтолцоо ч амархан хямардаг байна.
Эдгээр шалтгаануудаас болон хүүхэд чихний өвчнөөр амархан өвчилж, хүндрэл ч ихтэй байдаг. Иймээс хүүхдийн чихийг өвтгөхгүйн тулд байнга арчилж, хамгаалж байх хэрэгтэй. Танд доорх зөвлөгөөнүүд тус болох болно.
Хүүхдийн хамрыг байнга цэвэр байлгах. Хамрын хөндий нусаар дүүрсэн битүү байх нь чихний өвчний шалтгааны 98 хувь гэхэд хилсдэхгүй. Хамрын хөндий битүү байснаар дунд чихний суваг бөглөрөн дотор нь нян үржих шалтгаан болдог.
Ханиад томуу зэрэг амьсгалын дээд замын өвчлөлийн дараа чихний өвчнөөр өвдөх нь элбэг байдаг. Иймээс ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй. Дааруулахгүй байж, шингэн зүйл сайн уулгаж, сайн унтуулж амрааж байх хэрэгтэй.
Хэрвээ таны хүүхэд хөхүүл бол зөв дарааллаар хөхүүлэх хэрэгтэй. Хий соруулахгүй, хөхний толгойг бүтэн үмхүүлэн өөрлүүгээ чиглүүлэн тэвэрнэ. Хөхүүлсний дараа шууд хэвтүүлэлгүй, 5-10 минут босоо байлгасны дараа хэвтүүлнэ.
Цэвэр агаарт байлгах хэрэгтэй. Гэр бүлийн хэн нэгэн нь тамхи татдаг тохиолдолд хүүхдийн чихний өвчнөөр өвдөх магадлал 2 дахин нэмэгддэг. Учир нь эрүүл агаараар амьсгалж байж л хамраар эрүүл агаар орон уушгинд очиж биеэр тарна.
Чих нь өвдсөн үед эрүүл мэндийн байгууллагад заавал хандах хэрэгтэй. Дур мэдэн чихэнд нь элдэв зүйл дусаах, ямар нэг зүйлээр жин бигнүүр тавих зэрэг нь өвчнийг улам хүндрүүлж болзошгүйг санаарай.