Өнөөдөр гэгээн хайрын баярын өдрийн хамгийн хүндтэй бэлэг бол амтат шоколад юм. Харин бид энэ гайхамшигтай амттаныг тухай хэр сайн мэддэг билээ? Бид гэгээн хайрын энэ өдөр амтат шоколадны тухай сонирхолтой баримтыг дэлгэж байна.
МЭӨ 1750-иад оны эхэн үед хамаарах олдвороос шоколадаар бэлтгэсэн ундааны ул мөр олдож байснаас үзэхэд энэхүү онцгой амттан ямар олон жилийн турш хүн төрөлхтний түүхтэй холбогдож ирсэн нь ойлгомжтой. Шоколадны эрүүл мэндэд тустай шинж чанаруудаас гадна өөр сонирхол татмаар баримт бий. Хар шоколаданд бусад шоколадтай харьцуулахад какао ихээр, элсэн чихэр багаар агуулагддаг учир цагаан болон сүүтэй шоколаднаас илүү эрүүл гэгддэг. Хар шоколад идэх нь зүрхний өвчин болон цус харвах эрсдлийг 1/3 хувиар бууруулдаг төдийгүй хар шоколаданд агуулагдах антиоксидантууд нь зүрх судасны системд сайн нөлөөтэй.
Шоколадны үнэр тайвширлыг өдөөдөг тархины долгионуудыг нэмэгдүүлдэг. Шоколад нь аманд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба шүдний сулралаас хамгаалдаг. Цагаан шоколад нь техникийн хувьд шоколад биш юм. Үүнд какао хатуу болон шингэн аль ч байдлаар агуулагддаггүй. 450 гр шоколад хийхэд 400 орчим ширхэг какаоны үр ордог.
ХАМГИЙН АЛДАРТАЙ ШОКОЛАДУУД
BACI
Baci-Италийн амттаны үйлдвэр “Perugina”-гийн үүсгэн байгуулагч Luisa Spagnoli-гийн хайртай залуудаа зориулан сэтгэлээ шингээж найруулсан жор нь өнөөдөр дэлхийн олон хосуудын хэлэх гэсэн гэрэвшээд чадахгүй байгаа гурван шидэт үгний илэрхийлэл болж байгаа. Жинхэнэ дурласан сэтгэлээс урган гарсан энэ жорын нууц нь ширхэг бүрийн дотор нэг бүхэл ойн самрыг gianduia /шоколад, самрын кремний зөөлөн хольц/-аар хучиж гадуур нь хар шоколадаар бүрсэн байдагт оршино. Baci гэдэг нь Италиар Үнсэлт гэсэн үг бөгөөд, ширхэг бүрийн дотор хайрын тухай өөр хоорондоо давтагдахгүй алдартай үгсийг 5 хэлээр бичсэн зурвас байдгаараа онцгой. Италид хэн нэгэнд Baci бэлэглэх нь “Би чамд хайртай” гэсэн үгний илэрхийлэл болдог аж.
TOBLERONE
Toblerone-1908 онд зөвхөн Швейцарын дээд зиндааныхны таашаалд зориулж зохиогдсон энэ амтанд одоо хүн бүхэн дуртай. Nougat /чихэр, зөгийн бал, хуурсан самарны холимог/, өтгөн кокоаны төгс зохицолыг илэрхийлж чадах төгс дүрс бол призм байлаа. Энэхүү шоколадыг “бүтээсэн” тогооч Теодор Тоблер Швейцарын Альпийн нуруунаас санаа аван өөрийн амттанаа ийм хэлбэртэй болгосон аж.
GHIRARDELLI
Гараар урласан шоколад Ghirardelli-Италийн шоколад хийгч, гар урлалч Domingo Ghirardelli 1852 онд энэ салбарт хөл тавьжээ. Санхүүгийн хямрал, мөнгөний алдагдалд хэд хэдэн удаа орж байсан ч өөрийнх нь жор дэлхийг дурлуулна гэдгийг мэдэж байсан тэрээр шантрахыг хүсээгүй юм. Сүүтэй шоколад, сайтар хутгаж зуурсан ирис, дээд зэрэглэлийн кокоаны үрнээс гаргаж авсан нунтагийг ашиглаж хийсэн амттан нь өнөөдөр олон улсад хамгийн өндөр борлуулалттай шоколаданд тооцогддог.