Менингококкын менингит өвчнийг ард түмэн цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгосон байдаг. Өвчний шинж тэмдэг үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг. Мөн дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин.
Гэхдээ шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэдэг байна.
Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн биеийн дархлаа суларч хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм.
Менингококкын халдвар нь арьсан дээр өвөрмөц хэлбэртэй цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг байна.
Энэ нь Neisseria meningitids гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Нян үүсгэгч нь хүний хамар, залгиурт байршиж, агаар дуслын замаар дамждаг байна.
Илрэх шинж тэмдгүүд:
- Гэнэт өндөр халуурах
- Цочромтгой болох /хурц гэрэл, дуу чимээ зэрэгт/
- Хүүхэд уйлагнаж ээжийгээ ноолох, гэдэс нь өвдөх /1-2 удаа шингэн суулгах/
- Толгой өвдөх, хоолонд дургүй болох
- Бөөлжих
- Хүзүү хөших, ухаан санаа самуурах
Бүх биеэр тууралт гарна /Ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно/
Богино хугацаанд хүндэрч, амь нас эрсдэх аюултай өвчин тул шинж тэмдэг илэрмэгц эмчид яаралтай хандахыг анхааруулж байна.