Байнга ХОВ ярьдаг хүнээс хол яв, муу энерги нь танд шингэдэг юм
Хэн нэгний тухай сэтгэлдээ тѳрсѳн таагүй сэтгэгдэлээ хуваалцах гэж бусдад муучлан ярьдаг. Сэтгэл доторхи таагүй сэтгэгдэлийн цуурай шиг дургүйцлээ, ѳрх хѳвсѳлзүүлэн шуурах шуурга шиг тогтоож үл дийлэн бусдад илэрхийлж байж санаа амардаг нь монголчууд бидний муу араншин. “Хнн тэр муу..” гэж эхэлсэн таагүй сэтгэгдэлээ дургүйцсэн уураа барьж ядан бусдад хүүрнэхдээ ѳѳрийн сэтгэлийн оволзох догдлолоо барьж үл тэвчих гэвч бусдын хандлагыг ердѳѳ ч анзаардаггүй. Сэтгэлд минь хѳвсѳлзѳх уур бухимдалаа бусдад ичгүүргүй түгээхдээ тэр хүмүүс намайг ѳмѳѳрч, намайг л дэмжин түүнийг үзэн ядах болно гэдэг ѳчүүхэн итгэл үнэмшилдээ бүдрэн бэдчидэг. Бүгдээрээ миний сэтгэлийн хорсолд ховсдуулан түүнийг үзэн ядацгаах нь миний сэтгэлийн үзэн ядалтын хязгаар, бас тайвшрал гэдэгт итгэдэгтээ би ѳѳрѳѳ бусдад тэнэг харагддаг гэдгээ анзаардаггүй. Зүгээр л тэр хүний сэтгэлийн хязгаар руу ѳнгийж чадаагүй ѳчүүхэн хорсол нь бусдын сэтгэлд яр мэт халдварлахад би тайвширдаг хѳгийн зан. За тэгээд л тэд ярьж эхэлнэ дээ. “Хнн тэр тэгж гэнэ…” гэж эхэлсэн хов жив анх ярьж хэлсэн эзэн нь ѳѳрѳѳ ч ойлгохгүй болтлоо баяжиж, үлгэр мэт үнэмшилтэй санагдах хүртэл урт замыг туулдаг. Тэр урт замд хичнээн хүний зүрхийг шархлуулж, хичнээн хүний урам зоригийг хугалж, хичнээн хүний амьдралд хар толбо болон үлдэж буйг бид огтоос анзаардаггүй. Ѳѳрѳѳ эхлүүлж түймэрийн галыг асаасан хэрнээ хярвас болсон цучил дундуур хээв нэг алхах мэт. Гутлын уланд нь халуу дүүгэх атлаа гэнэт огло харайн үсэрч дэвхцэх мѳртлѳѳ юу ч болоогүй мэт алхаж одох хэнэггүй мѳртлѳѳ мулгуу араншин монголчууд биднийх. Бид ѳѳрсдийн зүрхний зовинолоо мэдрэн чанга дуугаар ёолих хэрнээ бусдын сэтгэлийн чанадаас нулимс дуслуулан хашгирах чимээг огтоос сонсдогүй, дүлий. Бидний хээв нэг ярьдаг хов жив хичнээн хүний зүрх сэтгэлийг шархлуулж, хичнээн урам зоригийг хугалж, хичнээн хүний амьдралыг бусниулж байгаа бид огтоос анзаардаггүй. Хов жив гэдэг хэн нэгний бэртэгчин хорслоос үүдэлтэй түймэр хичнээн тэнэгүүдийн дунд тархаж, хичнээн олон хүмүүсийн амьдралыг шатаан нурам болгож байгааг тоодоггүй. Ердѳѳ л “чи гэдэг новш” энэ амьдралдаа хѳлѳѳ олохгүй хэрнээ, хѳлѳѳ олсон нэгний хѳлийг хугалан доголон болгож буйгаа мэдэхгүй. Ямар ч баталгаа нотолгоогүй хэрнээ хүмүүсийн хайр сэтгэл дундуур, итгэл найдвар дундуур, урам зориг дундуур “хар муур” мэт гүйлдэн бүгдийг нь бусниулан сарниулж байдаг нь хов жив. Хов жив хар ѳнгѳтэй байдаг болохоор сүү шиг цагааныг сааралтуулан булингартуулдаг. Хичнээн уучлах гэвч хар хорын ѳнгѳтэй болохоор сэтгэлийг хиртүүлж орхидог. Хүмүүс ээ, та нарын түгээж буй хов жив бусдын амьдралыг хиртүүлэх атлаа, авсанд ороход нь гѳлѳг мэт гийнадаг юм даа. Тэр л гаслант дууг амьддаа сонсохгүй юм сан, бурхан минь. Нүгэлт намайг ѳршѳѳ, тавилан минь.