Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм.
Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг.Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг / нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог/ бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.
Мөн С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг.
Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е,аминдэмээр баяжуулах боломжтой.
Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.
100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг.
Сүү цагаан идээг хэрэглэхдээ махан хоолноос 2-3 цагийн өмнө, эсвэл дараа нь хэрэглэх нь тохиромжтой.
Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байсан гэж эрдэмтэд үздэг. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сүү цагаан идээний хэрэглээ багассанаас үүдэж ясны сийрэгжилт болон шүд цооролт ихсэж байна. Иймээс байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх хэрэгтэй юм.Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм.
Сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй, цусны даралт нь ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүс болон жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхдүүд түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Харин аарцыг өтгөрүүлэхдээ аль болох гурил хэрэглэхгүйгээр овьёос буюу нэвсийг сайтар бутлаад аарцандаа хийхэд амт болоод чанарын хувьд дээд зэргийн сайхан болдог.