Дэлхийн эдийн засгийн форумаас энэ сарын 12-нд хэвлэгдсэн судалгаанд дүгнэснээр COVID-19 өвчний улмаас эмэгтэйчүүдийн хувьд илүү их хэмжээний ачаалал ирж байна гэжээ.
БНХАУ-ын Халдварт өвчнийг хянах Хятадын төвийн мэдээлснээр уг өвчин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тусах байдал ижил түвшинд байгаа боловч эрэгтэйчүүд илүү их нас барж байгааг COVID-19 өвчин туссан 44,600 хүний түүврээс харахад нас баралтын түвшин эрэгтэйчүүдийн хувьд 2.8%, эмэгтэйчүүдийнх 1.75 байна. Манай улсад уг өвчнөөр өвчилсөн Монгол иргэдийн хувьд бүгд эмэгтэйчүүд байна.
НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ 81.9% НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт 52,274 их эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн 81.9% нь эмэгтэйчүүд.
Энэ олон тооны эрүүл мэндийн ажилтнууд улс оронд тогтоосон онцгой байдлын улмаас олон цагаар ажиллаж, 24 цагийн бэлэн байдалд байж, хамгийн өндөр эрсдлийн бүлэгт байна. Гэтэл тэдний дундаж цалин 2019 оны IV улирлын байдлаар, 1,242,700 төгрөг байгаа юм.
Эрүүл мэндийн салбар дахь эрэгтэй их эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд дунджаар 1,080,800 төгрөгний цалин авч байгаа бол эмэгтэйчүүд 1,032,000 төгрөг авч байгаа нь дунджаар 48,000 төгрөгийн ялгаа сар болгон гарч байна гэсэн үг.
Эмэгтэйчүүд нэг сард 48,000 төгрөг, нэг жилд 576,000 төгрөгийн цалингийн ялгаатай ажиллаж байна.
Эрүүл мэндийн эмэгтэй ажилтнууд цалин багатай, урт цагаар, амралтгүй, дундаж иргэдээс, бусад мэргэжлийн ажиллагсдаас илүү сэтгэл санааны тайван бус нөхцөлд ажиллаж байна.
Уг өвчний үргэлжлэх хугацаа тодорхойгүй энэ үед төсвийн тодотголоор энэ чухал салбарын ажилтнуудын дундаж цалин, урамшуулал, илүү цагаар ажилласны хөлсийг нэмэх шаардлагатай бөгөөд тэднийг хөнгөлөлттэй зардлаар, тодорхой төлөвлөгөөр амраах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг даруй авах хэрэгтэй.
ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДСОН САЛБАРУУДЫН АЖИЛЛАГСДЫН 65-73% НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД
COVID-19 өвчний улмаас илүү их эдийн засаг, орлогын хомсдолд орж байгаа нь эмэгтэйчүүд байна. Учир нь COVID-19 өвчний улмаас илүү их зогсонги байдалд орсон салбарууд бол уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбараас гадна ихэнх нь үйлчилгээний буюу бөөний болон жижиглэнгийн худалдаа, боловсролын байгууллагууд, төвүүд, өдөр өнжүүлэх, нийтийн хоолны газрууд, үл хөдлөх хөрөнгө, урлаг үзвэр, тоглоом наадам болон үйлчилгээний бусад салбарууд болон албан бус салбар юм. Эдгээр салбарт ажиллагсдын 65-73% нь эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд одоогоор тэдний цалин, орлого тасалдах аюул учирч байна.
Улсын хэмжээнд 2019 оны тоогоор, 18 хүртэлх насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон 36,271 эмэгтэйчүүд байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Тиймээс УИХ-аас 2020 оны улсын нэгдсэн төсөвт даруй тодотгол хийж, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдээ хараад ажил, орлогогүй байгаа эмэгтэйчүүдэд чиглэсэн, тодорхой мөнгөн шилжүүлгийг энэ өвчнийг дуустал зохицуулах шаардлагатай байна. 18 хүртэлх насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон 36,271 эмэгтэйчүүдэд болон ядуу өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг 2020 оныг дуустал шилжүүлж, өрхийн орлого, хүүхдийн, эхийн эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай байна.
ГУРАВ. ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭДДЭЭ ЗОРИУЛАХ ЦАГ НЭМЭГДСЭН НЬ
COVID-19 өвчний улмаас илүү их эрүүл мэнд, сэтгэл санаа, цагийн хомсдолд орж байгаа нь эмэгтэйчүүд байна.
Уг өвчнийг гараагүй байхад л эрэгтэйчүүд цалин хөлстэй ажил зонхилон эрхэлж, эмэгтэйчүүд хөлсгүй ажилд эрэгтэйчүүдээс илүү цаг зарцуулж байна гэж ҮСХ (2016) дүгнэсэн. 2015 онд ҮСХ-оос хийсэн нийт таван бүсийг төлөөлөх 8 аймаг, Улаанбаатар хотын 4,000 өрхийг хамруулан явуулсан Цаг Ашиглалтын судалгаагаар нийт өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогчдын 73.3 хувь нь эмэгтэйчүүд байна.
Гэр ахуйн ажлыг эмэгтэйчүүд зонхилон хийдэг нь, энэ ажилд эмэгтэйчүүд өдрийн нийт цагийн 14.1 хувь буюу 203 минутыг, эрэгтэйчүүд ердөө 4.8 хувь буюу 69 минутыг л зарцуулж байгаагаар нотлогдсон байна. COVID-19 өвчний улмаас цэцэрлэг, сургууль хаагдсан тул эмэгтэйчүүд, ээжүүд илүү бага насны хүүхдээ харах, асрах, цахим хичээлд анхаарах, гэрийн даалгаврыг нь хийлгэж, эрүүл мэндийг нь анхаарах зэрэгт өмнөх үеэс илүү их цагийг зарцуулж байна. 2015 оны Цаг Ашиглалтын судалгаагаар хүүхэд асарсан 10 хүний ес нь, өвчтөн, өндөр настан асарсан 10 хүний зургаа нь, гэрийн ажил хийсэн 10 хүний долоо нь эмэгтэйчүүд байна. Энэ бүх ажил нь цалин хөлсгүй ажил юм.
Эмэгтэйчүүд нийгэмд цалин хөлсгүй, асрах хамгаалах ажлыг ихээр хийж байгаа нь нийгмийн, төрийн гүйцэтгэх үүргээс хуваалцаж үүрч байгаа том хувь нэмэр бөгөөд ийм хямралтай үед эдгээр эмэгтэйн хувиараа төлдөг нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг төрөөс төлөх зэргээр дэмжих шаардлагатай байна.
Короновирусний улмаас эдийн засгийн нийт эрэлтийн үндсэн 4 хэсгээс өрхүүдийн хэрэглээ, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, гадаад хөрөнгө оруулалтыг оруулаад, мөн цэвэр экспорт зогсоод байгаа.
Макро эдийн засагт орж байгаа мөнгөний ганц урсгал бол засгийн газрын зардал буюу төсвийн мөнгө байгаа.
Гэтэл төсвийн орлого 11.7% тасалдаж, экспорт 30% буурсан энэ үед төсвийн тодотгол хийж, төсвийн мөнгөний үржүүлэгчийн нөлөөгөөр өрхүүдийн хэрэглээ, эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрүүл мэнд хоол тэжээл, аж ахуйн нэгжүүдийнь ЖДҮ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг даруй дэмжих хэрэгтэй байна.