Цаг үеийн мэдээ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цахим спортын хөгжил шинэ түвшинд хүрч, хичээллэгсэд болон сонирхогчдын тоо улам нэмэгдэх болсон. ОУОХ-оос ч цахим спортыг олимпын хөдөлгөөний нэг хэсэг болгох санаачилгыг гаргаж, 2023 онд анх удаа “Олимпын цахим спортын долоо хоног”-ийг Сингапур улсад зохион байгуулж, улмаар 2025 онд Саудын Араб улсад “Цахим спортын олимпын наадам”-ыг зохион байгуулах болсноо зарласан билээ. 

Манай улсын хувьд ч уг спортоор хичээллэдэг хүүхэд залуусын тоо нэмэгдэж, тив дэлхийн тэмцээн уралдаануудад амжилт үзүүлж байна. 

Үүнтэй холбоотойгоор МҮОХ-ны дэргэд дэргэд “Цахим спортын комисс”-ыг байгуулагдаж, анхны хуралдаанаа зохион байгууллаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Цахим спортын комисс” байгуулах болсноо 2024 оны МҮОХ-ны Гишүүдийг хурлын үеэр санаачлан танилцуулж байсан билээ. Уг комисс нь Монголын цахим спортын баг тамирчдыг ОУОХ-ноос хүлээн зөвшөөрсөн наадмуудад оролцох, зохион байгуулалтаар ханган ажиллахаас гадна гишүүн спорт холбоодын идэвх оролцоог нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд ажиллана.

Энэхүү комиссыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ахлах бол дэд даргаар Г.Бат-Эрдэнэ, гишүүдээр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн цахим спортын холбоо (AESF)-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Буяндэлгэр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нараас гадна Д.Батмөнх, Т.Халиунаа, Ш.Батбаяр, А.Ундрал гэсэн цахим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбоод, нэгдлийн төлөөлөл багтжээ.

МҮОХ-ны дэргэдэх Цахим спортын комисс нь ОУОХ болон АОЗ-ийн цахим спортын комисстой цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги боловсруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Сонирхуулахад, 2023 онд Ханжоу хотноо явагдсан Азийн наадамд цахим спорт албан ёсны төрөл болон багтаж, “Дота 2” тоглоомын төрлөөс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн юм. Мөн 2023 онд Улаанбаатар хотод явагдсан Зүүн азийн залуучуудын наадамд цахим спортын төрлөөр баг тамирчид өрсөлдсөн юм.

Таны сурталчилгаа