БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд зориулан СД гаргана гэж хэлсэн. Интернет, цахилгаан холбоо, технологи хөгжсөн энэ үед түүний энэ шийдвэр олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Үүнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.
Уг тайлбарт "12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд маань сурч амьдарч байгаа. Малчид маань гэртээ СД ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернет төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж апп зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна.
Тиймээс цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна. Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, интернетээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна, байршуулж байна. Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна.
Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна.. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СД, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх. Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ын суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СД уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил (шинэчилж чадаагүй) хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна. "Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна. Уучлаарай. Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга" хэмээн бичжээ.