Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2019 оны сүүлийн хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг дүүргийн хэмжээнд судалж, нийт прокуроруудад энэ төрлийн гэмт хэргийг шалгахад анхаарах асуудал, ялын бодлогыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сургалт зохион байгуулсан байна.

Тус дүүргийн прокурорын газар нь дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нийт 29 хүнд холбогдох, 28 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс 18 буюу 69,2 хувьд нь 450 нэгжээс 1100 нэгж хүртэл хэмжээгээр торгох, 3 буюу 11,5 хувьд нь нийтэд тустай ажил хийлгэх, 4 буюу 15,3 хувьд нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 1 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Сургалтаар цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авсан даруй аюулын зэргийн үнэлгээг хүчирхийлэл үйлдэгдсэн болон үйлдэгдсэн байж болох орчинд, эсхүл хохирогчийн байгаа газарт очиж хийнэ гэсэн журмын хэрэгжилт хангалтгүй, мөн нийт гэмт хэргийн 60-аас дээш хувь нь согтуугаар үйлдэгдсэн байхад улсын яллагч Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах талаар шүүхэд санал гаргах ажиллагаа төдийлөн сайн хэрэгжихгүй байгааг анхаарах, ялын санал гаргахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлого зэргийг харгалзаж байх талаар нийт прокуроруудад мэдээлэл өгсөн байна.

Таны сурталчилгаа