Коронавирус дэлхийг нөмөрч байгаа энэ цаг үед нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн онцгой сорилтын өмнө бид тулж иржээ. Онцгой цаг үе онцгой шийдэл шаардана, учир нь бидний мэдэх эдийн засгийн уналт, сэрэлтийн дүрэм энд ажиллахгүй. Дэлхийн олон орноос урьдчилж эрүүл мэндийн бэлэн байдлыг амжилттай хангасан шигээ, эдийн засгийн эрүүл мэндээ хамгаалах цогц бодлого Монгол Улсад нэн яаралтай хэрэгтэй байна.
Эдийн засаг гэдэг холбоотой хоёр мотор дээр эргэдэг машин гэж ойлгий. Нэг хүний зардал нөгөө хүний орлого болж ирдэг, орлого цаашлаад зарлага болно, зарлага нь орлого болсон эцэс төгсгөлгүй тойрог юм. Зогсохгүй эргэлдэж л байвал эдийн засаг ажиллаж байгаагийн шинж.
Коронавирус дэгдэж хөл хорио тогтосноор, хүмүүс өдөр тутмын зарлагаа зогсооно. Нөгөө талдаа байгууллага, арилжаа эрхлэгчдийн орлого тасарч эхлэнэ гэсэн үг. Орлого зогслоо гээд бизнесүүдийн тогтмол зардал үргэлжилсэн хэвээр: түрээсээ төлөх, тог цахилгааны төлбөрүүд, нийгмийн даатгал, ажилчдын цалин. Орлого тасарсан аж ахуйн нэгж удаан зардлаа төлөөд оршин тогтнож чадахгүй: хөгжиж буй орнуудын компаниудад хийсэн судалгаагаар цөөхөн компани 1 сар хүртэл зардлаа хаах бэлэн мөнгө байгаа бол дийлэнхид нь тийм уян хатан байдал байхгүй аж. Үйл ажиллагаа доголдсоны улмаас ажилчдаа нэн түрүүнд цалингүй “амраана”, чөлөөлнө.
Хэдийгээр Монгол Улс дийлэнхи орлогоо уул уурхайгаас олж байгаа боловч, энэ салбарт ажилладаг хүмүүсийн тоо манай нийт ажиллах хүчний 5% тэнцэх юм. Харин ажилчдын дийлэнхи хэсэг буюу 55 орчим хувь үйлчилгээний салбарт ажилладаг бөгөөд, вирусын дэгдэлтийн шууд нөлөөнд байгаа хэсэг юм. Үүнээс 230 мянган ажилчдын орлого, амьжиргаа хамгийн эрсдэлтэй хэсэгт тооцогдохоор байгаа бөгөөд, эдгээр хүмүүсийн ажлын байрыг хамгаалах арга хэмжээ яаралтай авахгүй аваас манай ажилгүйдлийн түвшин 30% давах нөхцөл рүү орох эрсдэлтэй байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол Банк болон Санхүүгийн Тогтвортой Байдлын зөвлөлийн хурлуудаас хоёр том шийдвэр гараад байгаа нь, 1) Хэрэглээний зээлийн төлбөрийн хугацааг сунгасан, 2) Бодлогын хүү бууруулж, банкуудад тавих шаардлагуудыг сулруулсанаар, зээл нэмж гарах боломж бүрдүүлсэн юм.
Дээрхи хоёр гол шийдлүүд огт байхгүй байснаас дээр боловч өнөөгийн нөхцөл байдалд хангалтгүй байгаа юм.
1) Иргэдийн зээлийн хэсэг бол банкуудын нийт зээлийн багцын 58%г эзэлдэг, хамгийн эрсдэл багатай (чанаргүй зээлийн хэмжээ 3.5% дээр) хэсэг бөгөөд банкуудын жилийн үйл ажиллагааны орлогын төсөөллийн дийлэнхи хувийг эзэлдэг юм. Иргэдийн зээлийг царцааж эдийн засгийн нэг талд байгаа иргэдийн тогтмол зардлыг царцаасан боловч, нөгөө талд байгаа байгууллагын орлого тасарж байгаад шийдэл гарсангүй. Уг нь энэ салбарт 30 мянган хүн ажиллаж, манай Монголын хүчтэй дундаж бүлгийг бүрдүүлдэг хэсэг бөгөөд 10 орчим их наяд төгрөгийн зээл зогсоосонтой холбоотой гарах зардлыг хувийн хэвшлийн нуруун дээр үүрүүлсэн байна.
2) Монгол Банк зээл гарах нөхцөлийг хөнгөвчилж өгсөн хэдий ч, коронавирусийн онцгой цаг үеийн гол зорилт нь бизнесүүдийг аль болох хохирол багатай гаргах тал рүү чиглүүлэх ёстой. Юу гэсэн үг вэ гэвэл, онцгой үед бизнесүүдэд ажилчиддаа цалинг нь үргэлжлүүлэн тавих нийгмийн шинж чанартай санхүүгийн дэмжлэг илүү хэрэгтэй болохоос биш, бизнес зогссон үед арилжааны зориулалттай зээлээр цалингаа үргэлжлүүлж тавих сонирхол хэнд ч байхгүй болов уу.
Дэлхийн улс орнууд энэхүү онцгой үе ойрын 3-5 сарын турш үргэлжлэнэ гэсэн таамагтайгаар эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг аваад эхэлжээ. Багцуудын гол зорилтуудыг тоймлох аваас,
1) санхүүгийн зах зээлийн чөлөөт хөрвөх чанарыг хадгалах мөнгөний бодлогууд,
2) ажилчид болон ажлын байрыг хамгаалах төсвийн бодлого дээр үндэслэж байна.
Монгол улсын хувьд өөрийн онцлог сул болон давуу талуудтай. Манай 1.1 сая ажиллах хүчний 400 орчим мянган хүмүүс төсвийн байгууллагаа болон орлого нь 2.5 тэрбумаас дээш орлоготой том байгууллагад ажиллаж байна. Нөхцөл байдал доройтлоо гэхэд эдгээр хүмүүсийг ямар нэгэн байдлаар том компаниуд аргалаад гарах санхүүгийн чадамжтай гэж найдна. 300 орчим мянган хүн мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд энэ долоо хоногт яригдсан ноос ноолуурын онцгой үеийн бодлогоор эдгээр хүмүүсийн орлогыг таслахгүй цагаа олсон алхам гэж үзэж байна. Эрсдэлтэй хэсэг бол худалдаа, үйлчилгээний салбарын 75 мянга орчим аж ахуйн нэгжид ажилладаг 230 гаруй мянган иргэд байгаа юм. Үүнээс, 150 мянган хүн нь жилдээ 50 сая төг хүртэл борлуулалтын орлого хийж, 10 хүртэл хүн ажилуулдаг худалдаа, үйлчилгээний салбарын жинхэнэ жижиг дунд бизнесийнхэн бөгөөд вирусын тархалттай холбоотой хамгийн эмзэг бөгөөд эрсдэлтэй бүлэг мөн юм.
Дээрхи нөхцөл байдлыг тооцож, УИХ болон Засгийн Газар яаралтайгаар дараах чиглэлээр шийдэл гаргах хэрэгтэй байгаа юм:
1. 2020 оны төсвийг тодотгож, учирч болох алдагдалууд дээр ойлголттой болох;
2. Банк, санхүүгийн салбарт зээл төлөлт зогсоож, зээлийн ангилал бууруулах хугацааг 180 хоног хүртэл сунгаж байгаагаас үүдэн гарах алдагдлыг нөхөх;
3. Худалдаа, үйлчилгээний салбарын тогтмол зардлууд болох түрээс, тог цахилгааныг царцаах;
4. Худалдаа, үйлчилгээний түрээсийн орлого тасарсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг нөхөх;
5. Жижиг дунд бизнесүүдийн орлого тасарсан аж ахуйн нэгжүүдийн ажилчдын цалинг үргэлжлүүлэн өгөх, өгөхтэй холбоотой зардлыг даах;
6. Томоохон компаниуд бага хүүтэй өрийн бичиг гаргаж, Төв Банк худалдан авах ажиллагаа хийх (Европын төв банк, Английн Банк хийж байгаа)
7. Нийгмийн даатгал, болон бусад төрийн татвар шимтгэлийг онцгой үед зогсоох
Монгол шиг жижиг эдийн засагтай оронд эдгээр зардлууд хүнд тусах магадлал өндөр, нөгөө талаас дэлхий 1 их наяд долларыг эдийн засаг руу оруулж байгаа энэ үед Монголын эдийн засгийг аврах мөнгө шийдэгдэж болох хэмжээнд гэж бодож байна. Вирусийн тархалтыг зогсоохоор авсан арга хэмжээнүүд одоо амжилттай ажиллаж байгаа хэдий ч, бид нар хэр удаан бүх хилээ хаасан хэвээр байх вэ гэдэг том асуулт. Tахал бусад улс оронд ид дэгдэж байгаа шиг, хаврын салхинд Монголд дэгдэхүү, манай бизнесүүд хаалттай хэвээр байх уу гэсэн олон тодорхойгүй асуулт байгаа. Аливаа Засгийн газрын үндсэн үүрэг иргэдээ эрүүл орчинд хөдөлмөрлөх орчиноор хангахад оршидогийн адил, манай Засаг ч хамгийн мууд бэлдэж, төсвийн алдагдал болон дээрхи хөтөлбөрүүдийн өртөг, санхүүжүүлэх эх үүсвэрээ тодорхойлоод, зохицуулах ажилдаа нэн яаралтай орох хэрэгтэй юм. Мянга мянган хүмүүсийн ажлын байр эрсдэлд орсон байна.
М. Сугар
Парламентын Судалгааны Хүрээлэн