2020 оны 3 дугаар 22–ны өдөр 11.00 цагт ЭМЯ-аас мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа, ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр та бүхэнд мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн дотор дэлхийн 184 орон шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж, 7 оронд шинээр бүртгэгдлээ. Зүүн Тимор, Шинэ Гвиней, Уганда гэх мэт Африкийн голдуу орнуудад өвчлөл илэрлээ. Эх газраас Африк болон арлын орнуудад өвчлөл эрчимтэй тархаж эхэллээ. Европын Испани, Итали, Франц, Герман болон АНУ-д өвчлөл гарсан хэвээр байна. Сүүлийн үед БНСУ-д дахиад өвчлөл нэмэгдэж эхэллээ.
ДЭМБ-аас хүмүүс хоорондоо нэг метрийн доошгүй зайнаас харилцах хэрэгтэйг зөвлөж байсан. Тэгвэл одоо хоёр метрээс доошгүй зайнаас харилцах хэрэгтэй гэж зөвлөж байгаа" хэмээлээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 32 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 266 мянган шинэ тохиолдол мэдээлэгдээд байна. Хоногт 1344 хүн нас барж, нийт баралтын тоо 11184-т хүрлээ. Шинэ төрлийн коронавирусийн нийт халдварын 48 хувь нь Европт бүртгэгдэж, 6000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн Европ тивд 23950 шинэ тохиолдол нэмэгдсэн. Европын нийт халдварын 77 хувь нь гол цөм нь болсон Испани, Итали, Герман, Франц гэсэн дөрвөн улсад гарч, тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна" хэмээв.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европ тивд халдварын тархалт маш эрчимтэй байна. Италид нэг хоногт 793 хүн нас барлаа. Халдварын тохиолдол 13.9 хувиар нэмэгдсэн тухай Италийн иргэнийг хамгаалах газрын мэдээлэлд дурьдсан байна.
Турк улсад тархалт эрчимжиж эхэллээ. Их Британид халдварын шинэ тохиолдол 1000 гаруйгаар нэмэгдлээ. Нас баралт мөн нэмэгдсэн. 41-90 насны ямар нэгэн суурь өвчтэй хүмүүс нас барсан байна. Тиймээс өндөр настай, суурь өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ" хэмээлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Одоогоор 1951 хүн тусгаарлах байранд тусгаарлагдаж, ажиглалтад байна. Хөдөө орон нутагт тусгаарлагдаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Баян-Өлгий аймагт 365, Сэлэнгэ аймагт 196, Дархан-Уул аймагт 173 хүн тусгаарлагдсан. Тиймээс Орхон аймаг руу тусгаарлалтыг шилжүүлсэн. Өчигдөр 44 хүнийг Орхон аймагт тусгаарласан. Хилийн боомтуудтай аймгууд болох Дорнод, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймгуудад анхаарал хандуулж байна.
Эдгэрсэн болон ажиглалтад байгаа иргэд гарсныхаа дараа гэрээрээ 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг гаргаж, хүргүүлсэн. Мөн гадаадад байгаа иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, линкийг нь цахимд байрлуулсан" хэмээв.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 15-ны Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээг үндсэндээ хийж дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Урьд нь ойрын хавьтал болох 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг та бүхэнд мэдээлсэн. Энэ онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсныг та бүхэн бас мэдэж байгаа. Энэ маш сайн мэдээ.
2020 оны гуравдугаар сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д болон аймгуудад сэжигтэй хүн тусгаарлаагүй. Харин 90 хүнийг ажиглалтад авсан. Тэгвэл 20-ны өдөр тусгаарлагдсан хүнээс вирус илрээгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа. 2 хүний биеийн байдал хүндэвтэр байсан, одоо сайжирч байгаа нь бас сайн мэдээ" хэмээлээ.