Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг чартер нислэгээр авчирна гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн баасан гаригт Улсын онцгой комиссын хуралдааны үеэр мэдээлсэн.
Дээрх иргэдийг онгоцноос буумагц 14 хоног тусгаарлалтад авч, шинжилгээний хариу гарахаар ажил эхэлнэ гэдгийг салбарын сайд онцолж байсан юм. Гэхдээ энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, дээрх 105 Хятад иргэнийг авчрах уу, хойшлуулах уу гэдгээ эцэслэх бололтой.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Ажиллах хүчний асуудлыг Засгийн газар дээр ярьсан, Улсын онцгой комиссын хурал дээр мэдээлэл хийсэн. Хувийн аж ахуй нэгж болон онцгой шаардлагагүй төслүүд дээр гаднын ажиллах хүчийг оруулж ирэх боломж байхгүй. Ер нь төсөл хөтөлбөрүүд дээр 6000 гаруй ажиллах хүч оруулж ирэх шаардлагатай. Үүнээс онцгой шаардлагатай хугацаатай, гэрээтэй ажлууд дээр хүмүүс авъя гэж байгаа. Ялангуяа Дарханы зам дээр ажиллах хүчийг бүтэн сайн өдөр тусгай нислэгээр татаж авна. Нислэгээр 105 хүн ирнэ. Тэдгээр иргэд хятадад байхдаа коронавирусийн шинжилгээгээ өгч, виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авна. Онгоцоор ирэнгүүт нь тусгай автобусаар аваад Төв аймгийн нутаг дээр карантилна. 14 хоногийн дараа шинжилгээний хариу гарахаар ажил нь эхэлнэ. Туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлүүлсэн" гэсэн мэдээллийг өгч байсан юм.