Эрх баригч МАН өнөөдөр буюу 2020 оны 03-р сарын 23-ний өдөр намынхаа Бага хурлыг онлайнаар явуулах гэж байна. Хуралдаанаар 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлах болон цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товложээ.Дэлхий даяар тархаад буй цар тахал Covid-19 буюу коронавирусийн халдвар Монгол Улсад 10 тохиолдол бүртгэгдэж, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан.
Үүнтэй холбоотойгоор олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай.
Тиймээс намууд онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлуулж байгаа бөгөөд АН өнгөрсөн бямба гаригт намын мөрийн хөтөлбөрөө батлах Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаа онлайнаар хийсэн.
МАН-ын хувьд энэ удаагийн Бага хурлаа хийхдээ 369 төлөөлөгчөө Тусгаар тогтнолын ордонд цуглуулж, нэг өрөөнд 7 хүн байрлуулах журмаар онлайн хурлаа хийхээр товложээ.