Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн зөвлөх эмч Ц.Рэнцэнмягмартай сүрьеэ өвчний талаар ярилцлаа.
Сүрьеэ гэж яг ямар өвчин бэ?
-Сүрьеэ гэдэг нь үрэвсэлт өвчин. Ихэнх нь уушги буюу амьсгалын замаар халддаг. Мөн уушгинаас бусад бүх эрхтэн сүрьеэгээр өвчлөх боломжтой. Дэлхий нийтэд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байна гэж үздэг. Яагаад ийм их хүн авдаг гэж үздэг вэ гэхээр сүрьеэгээр өвчилсөн хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй ханиаж, найтааж ярихдаа их хэмжээний нянг агаараар цацаж байдаг. Энэ бохирдсон, нянтай агаараар амьсгалж байгаа хүмүүс сүрьеэгийн халдварыг авдаг. Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүнтэй хамт амьдарч, ажиллаж байсан хүмүүс мөн халдвар авах эрсдэлтэй болдог. Гэхдээ сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөггүй. Учир нь биеийн дархлалын эсүүд сүрьеэгийн нянгуудыг дарангуйлж, унтаа хэлбэрт оруулдаг. Зарим тохиолдолд биеийн дархлаа буурах, сульдах, хоол тэжээлийн дутагдалтай байвал сүрьеэгээр өвчлөх тохиолдол бий.
Сүрьеэ өвчин нь хөгжил буурай орнуудад ихэвчлэн тохиолддог уу?
-Хүний дархлаатай өрсөлддөг өвчин. Агаар дуслын замаар тархдаг. Дархлалын тогтолцоо сайн байвал өвчлөхгүй байх боломжтой. Харин дархлааны систем доголдвол өвчилж эхэлдэг. Мөн хувь хүний амьдарч буй орчин, хоол хүнснээс их шалтгаална.
Илрэх шинж тэмдэг нь юу вэ?
-Ерөнхий шинж нь толгой өвдөх, халуурах, ханиах, цээжээр өвдөх, хоолонд дургүй болох зэргээр илэрнэ. Сүрьеэ нь архаг халдвар. Тиймээс урьдчилан сэргийлэх зүйл гэж бараг байхгүй. Гол нь ажил, амьдралынхаа дэглэмийг зөв зохицуулж байх ёстой. Хүүхдийн хувьд өрөө, тасалгааных нь агааржуулалтыг сайн хийх хэрэгтэй. Ялангуяа байгалийн агааржуулалт маш сайн. Хүн бүр шинж тэмдэг илрээгүй ч байсан урьдчилан сэргийлэх оношилгоонд хамрагдаж, үзлэгт орж байх хэрэгтэй. Бүх салбар, байгууллагын нийтэд үйлчилж байгаа хүмүүсийг байнга шинжилгээнд хамруулж байвал өвчлөл багасна.
Сүрьеэ нь мэдэгдэхгүйгээр аль ч эрхтнийг гэмтээдэг өвчин.
Сүрьеэгээр өвчилсөн хүн 100 хувь эдгэх тохиолдол бий юу? Хэрхэн эмчлэх вэ?
-Энэ тал дээр судалгаа маш их хийгдэж байгаа. Ямар эмээр, яаж эмчлэх үү гээд судалгаа хийгдэж байна. Өмнө нь бол байгалийн аргаар эмчилж байсан. Одоогоор эмчлэх хоёр төрлийн эм байгаа. Тэр эмэндээ сүрьеэ нь маш тэсвэртэй болчихсон. Тэсвэртэй сүрьеэ үүсээд ирэхээр өөр антибиотикоор солих зэрэг эмчилгээг хийж эхэлдэг. Одоогоор богинохон хугацаанд эдгээх тал дээр ажиллаж байгаа. Урт хугацааны туршид эм уух нь хүмүүст хэцүү байдаг учраас таслах, орхих тохиолдол байдаг. Иймээс богино хугацаанд хэрхэн эмчлэхийг судалж байна.
Манай улсад эрт илрүүлэгтэй холбоотой үнэ төлбөргүй оношилгоо хийдэг үү?
-Харьяа бүх эмнэлгүүдэд оношлуулж, уушигны зураг авахуулж үнэгүй оношлуулах боломжтой. Харин ХӨСҮТ нь эмчилгээ зөв хийгдсэн үгүйг хянаж, уялдаатай ажилладаг.
Ярилцсанд баярлалаа.