Сошиал хэрэглээ нэмэгдэх тусам хүмүүсийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа бодол санаа нь төлөвшиж эхэлж буй өсвөр насныхны дунд сошиал хэрэглээ амьдралынх нь заавал байх ёстой нэг хэвшил болжээ. Сошиалд хэт автах тусам тэр хэрээр сэтгэл хөдлөлийн сөрөг шинжид автагдаж эхэлдэг.
Хэн нэгэн таны пост нийтлэл дээр сөрөг сэтгэгдэл бичих үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
Таны зураг болон нийтлэл дээр хүмүүс хангалттай Like дарж Share хийхгүй байх үед танд ямар санагддаг вэ?
Найзын хүсэлтийг тань хүлээн авахгүй, таны бичсэн мессежийг Seen-дэх, Ghost-хийх үед ямар байдаг вэ?
Энэ л үед танд өөрийгөө голох, буруутгах, үл тоогдсон, үл хайрлагдсан, үл хүндлэгдсэн, гуниглах гэх мэтчилэн мэдрэмжүүд төрж байдаг. Гэвч эдгээр нь байх ёстой хэвийн зүйлс юм.
Тиймээс та дараах зүйлсийг бодолцоод үзээрэй.
- Сөрөг сэтгэгдэл үлдээж байгаа хүмүүс өөрсдийнхөө сэтгэл зүйн байр байдлыг илтгэж байдаг. Энэ нь таниас болоод сөрөг comment үлдээгээгүй гэдгийг санах!
- Тэдгээр хүмүүс өөрт төрж байгаа мэдрэмжийг бусдад нялзаадаг тул доромжлох, доош хийх, буруутгах, шүүмжлэх гэх мэтчилэн сэтгэл үлдээдэг. Яг үнэндээ эдгээр мэдрэмжүүд нь тэр хүний дотор өөрт нь төрж байгаа мэдрэмжүүд байдаг.
- Танд үнэхээр таагүй мэдрэмж төрүүлж байгаа хүмүүс байгаа бол unfriend юм уу unfollow хийгээрэй! Энэ нь өөрийнхөө сэтгэлзүйг хамгаалах эхний алхам юм шүү.
- Хэн нэгэн таны бичсэн мессежид хариу удаан ирүүлэхгүй байх нь таниас шалтгаалаагүй байж болох юм. Тухайн хүн тэр үед завгүй юм уу хариултаа бодож байх магадлалтай тул таныг үл тоож байгаа хэрэг биш гэдгийг ойлгоорой.
Та байгаагаараа үнэ цэнэтэй учир бусдын сэтгэгдлээс болоод үнэ цэнээ алдана гэж байхгүй.
Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул