Хөхний хорт хавдар нь Монгол улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын дөрөвдүгээр байр, дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын 2-р байрыг эзэлж байна.
Монгол Улсын хэмжээнд хөхний эрүүл мэндийн асуудал орхигдчихоод байгаа салбар. Хөхний хувьд хавдраас гадна буглаа, бэрсүү, хоргүй хавдрууд, гормоны өөрчлөлтүүд, шалтгаангүй өвдөх гэх мэт маш олон төрлийн эмгэг байдаг. Тэгвэл энэ талаар ХСҮТ–ийн Цээжний хөндийн мэс тасгийн Их эмч Э.Одбаяртай ярилцлаа.
Зө.мн: Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Э.О:– Баярлалаа. Танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
Зө.мн: Хөхний эрүүл мэнд гэдэг эмэгтэйчүүдийн хувьд нэгдүгээрт тавигдах чухал асуудал юм. Тэгэхээр хөхний арчилгаа, эрүүл мэндийн асуудалд эмэгтэйчүүд маань хэр анхаарал хандуулж байна?
Э.О:– Хөхний эрүүл мэнд гэдэг эмэгтэй хүний хувьд орхигдуулж болохгүй зүйлсийн нэг юм. Гэтэл энэ талын мэдлэг мэдээлэл дутуугаас эмэгтэйчүүд маань хөхний үзлэг, оношилгоонд хамрагдахгүй байна. Уг нь нэг үеэ бодвол эмэгтэйчүүд маань өндгөвч, умайн хүзүү, савны үзлэг шинжилгээндээ сайн хамрагддаг болсон ч хөхний үзлэг шинжилгээг орхигдуулаад байна. Гэтэл сүүлийн үед хавдрын тохиолдлын тоо сүүлийн үед ихсэж байна шүү дээ.
Зө.мн: Ямар тохиолдолд хөхөнд хорт хавдар үүсээд байна вэ? Шалтгаант нөхцлүүдээс нь тайлбарлаад өгөөч?
Э.О:– Хэдийгээр хөхний хорт хавдрын шалтгаан бүрэн тодорхойгүй боловч, эрсдэлт хүчин зүйлст хөгшрөлт, сарын тэмдэг эрт ирэх, хожуу ирэх, эрт болон хожуу цэвэршилт, стресс, архи тамхины хорт зуршил, үр хөндөлт, таргалалт, эм бэлгийн дааврын ихсэл (физиологийн эсвэл эмийн бодис) удамшил зэрэг нөлөөлнө. Удамшил гэдэгт BRCA2, BRCA1, CHEK2 гэсэн генүүдийн удамшсан мутацтай байх буюу ээж эгч зэрэг ойр төрлийн хүмүүст хавдар өвчнөөр өвдөж байвал удамших магадлал өндөр байдаг. Түүнчлэн залуу ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллохоо больчихоод байгаа нь хөх өвчлөх нөхцөлийг бүрдүүлж байна.
ХӨХӨНД ҮҮССЭН БЭРСҮҮГ ТООЛГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ
Зө.мн: Хөхөнд бэрсүү үүсэх нь эмэгтэйчүүдийн хувьд элбэг тохиолдог зүйл учраас зарим бүсгүйчүүд тоодоггүй. Тэгвэл бидний бэрсүү гээд байгаа хавдар юунаас болж үүсдэг вэ? Бэрсүү эрүүл мэндэд эрсдэл учруулах уу?
Э.О:– Хөхөнд бэрсүү үүсэх нь аль ч насны эмэгтэйчүүдэд тохиолдож болно. Хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд хөхөнд үүссэн бэрсүү нь мастит буюу хөхний үрэвсэл юм. Энэ үрэвсэл хөхний толгойгоор дамжиж халдвар орж үрэвсэл үүсгэж байгаа хэрэг. Хөхний толгойд сүү ялгаруулах 18-20 ширхэг цорго байдаг. Нянгийн халдвар эдгээр сувгийн аль нэгийг бөглөж, үрэвсэл үүсч идээлэх процессыг манайхан горьдох гэдэг л дээ. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь чухал. Идээт үрэвсэл учраас хүндэрсэн үед мэс заслаар идээг гадагшлуулан эмчлэх шаардлага ч гарна. Аль насны эмэгтэйчүүд хөхөнд үүссэн бэрсүүг тоохгүй өнгөрч болохгүй. Тиймээс хөхөнд бэрсүү байвал мэргэжлийн эмчид хандах нь чухал. Бэрсүүг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд зөв тохирсон эмчилгээ хийснээр хөхний хавдрын бас нэг шалтгааныг арилгаж урьдчилан сэргийлнэ гэсэн үг.
Зө.мн: Хөхөнд хорт хавдар үүссэн үед биед ямар нэгэн шинж тэмдэг илэрч мэдэгдэх үү?
Э.О:– Эмэгтэйчүүд маань хөхөө тогтмол шалгадаг байх хэрэгтэй юм. Хөхний хорт хавдрын үед илэрч болох шинжүүдэд хөхөнд бэрсүү үүсэх, суганы тунгалгийн зангилаа томрох, хөхний толгой өвдөх, хөхний толгойноос шүүдэс гарах, хөхний арьс татагдах, хөхний арьс улайх эсвэл тууралт гарах шинжүүд илэрнэ. Зарим хүмүүст онцын эмнэлзүйн шинж тэмдэг илэрхгүй байж болдог учраас эмчийн үзлэг эсвэл маммограмын эрт илрүүлгээр оношлогдох нь бий.
Ер нь бол хортой хавдрын илрэх шинж тэмдэг эцсийн шатанд л мэдэгддэг учраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд заавал хамрагдаж байх хэрэгтэй .
НАС НЭМЭХ ТУСАМ ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БАЙДАГ
Зө.мн: Аливаа өвчний хувьд өвдөх магадлал өндөр эрсдэлт нас гэж байдаг. Хөхний эмгэгээр өвдөх эрсдэл хэдэн наснаас эхлэх вэ?
Э.О:– Ер нь аль ч насны бүсгүйчүүд хөхний өвчнөөр өвдөх эрсдэл бий гэдгийг анхаараарай. Гэхдээ 40–өөс дээш нас эрсдэлт бүлэгт зайлшгүй орно. Нас нэмэх тусам эрсдэл нэмэгдэж байдаг. Тиймээс эмэгтэйчүүд маань урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой. Олон улсын жишгээр 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой гэж заадаг. Харин 40 хүртэл насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа үзлэгт орж байх ёстой. Энэ бол бүр тогтчихсон хугацаа. 40 нас хүрсэн л бол “Би эрсдэлтэй бүлэг рүү орлоо” гэж үзээд жил бүр хөхний үзлэгт орно.
Зө.мн: Хөх өвчлөх шалтгаанд тухайн хүний өөрөөс хамаарахгүй үүсэх шалтгаант нөхцөл бий юу?
Э.О:– Зарим нэг анхаарах зүйлс бий. Эмэгтэйчүүд өдөр тутамд хэрэглэдэг хөхөвчнийхөө хэмжээг тааруулах шаардлагатай. Мэдээж түүнийг хийсэн материал чухал шүү дээ. Биед эвтэйхэн харшил өгөхөөргүй, химийн янз бүрийн будаг, бодисгүй хөхөвч сонгож хэрэглэх ёстой.Мөн шөнийн ээлжинд ажилладаг эмэгтэйчүүд хөхний хавдартай болох эрсдэл өндөр байдаг. Хүн гудамжны болон сарны ч гэрэл тусахгүй тас харанхуй орчинд унтах хэрэгтэй гэдэг. Тас харанхуйд хүнээс тусгай бодис ялгардаг. Энэ бодис нь хөхний хавдраас сэргийлдэг. Тэгэхээр шөнийн ээлжинд ажиллаж байгаа хүн гэрэлтэй нөхцөлд байгаа учраас нөгөө хамгаалалт болох учиртай бодис нь ялгарахгүй.
ХӨХ НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСАЛ ХАВДАРТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖИЙН НЭГ
Зө.мн: Хавдрыг авах мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээ манайд хэр хийгддэг вэ?
Э.О:–Бид ч хөх нөхөн сэргээх мэс засалд анхаарлаа хандуулж байна. Манай эмнэлгийн эмч нар Бразилийн мэс заслын багийнхантай хамтран дөрвөн эмэгтэйд хөх нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийсэн. Энэ бол хавдартай эмэгтэйчүүдэд зайлшгүй шаардлагатай тусламжийн нэг нь юм. Бидэнд тулгамдаж буй асуудал нь хөх нөхөн сэргээхэд шаардлагатай имплантын асуудал байна. Энэ нь маш өндөр төлбөртэй. Дор хаяж 3 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь гоо сайхны зориулалттай гэхээс иүүлтэй эрхтэн нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай зүйл юм.
Зө.мн: Танд баярлалаа.