Ихэнх хүмүүс усыг олон удаа буцалгах нь буруу, хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Тэгвэл Германы Фрезенус Их Сургуулийн экспертүүд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгчээ.
Германы эрдэмтдийн хийсэн дүгнэлтээр усыг дахин буцалгаж хэрэглэх нь хүний биед ямар нэг хор нөлөөгүй гэсэн байна.
“Усан дотор бактери өсөж үржихээс айх хэрэггүй юм. Энэ үлдсэн усанд бактери өсөж үрждэг нь үнэн боловч дахин буцалгах үед эдгээр бактери, микро организм нь бүрэн устаж үгүй болно. Харин усны амт нь дахин буцалгасны дараа өөрчлөгдөн мууддаг талаар ямар нэг шинжлэх ухааны үндэстэй баталгаа үгүй” хэмээн дээрх мэргэжилтнүүд хэлжээ.
Эрдэмтэд ус буцалгах сав хэрэгсэл нь тодорхой хяналт шалгалтыг давсан, эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн байх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна. Ийм бүтээгдэхүүн нь ус буцалгах явцад таны биед гаднын янз бүрийн биет орох зэргээс бүрэн хамгаалдаг байна.
Эрдэст усны хувьд
Ерөнхийдөө буцалсан усыг хөргөөд, дахин буцалгах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй. Жишээлбэл, та данханд ус хийж буцалгаад, багассан үед дээр нь ус нэмээд дахин буцалгавал таны эрүүл мэндэд ямар ч аюулгүй гэсэн үг.
Харин эрдэст болон төрөл бүрийн найрлага бүхий усыг ингэж олон удаа буцалгаж хэрэглэх хэрэггүй. Учир нь энэ төрлийн усыг буцалгах үед түүнд агуулагдах эрдэс бодисууд ууршиж гадагшилснаар химийн бүтэц нь өөрчлөгддөг. Хэдийгээр энэ нь сайн зүйл мэт санагдавч хэт олон удаа буцалгавал хүний биед хэрэгцээгүй химийн бодисуудын концентраци үүсэх эрсдэлтэй юм.
Үүний оронд үлдсэнийг нь асгаад дахин шинэ ус буцалгаж хэвшээрэй. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд үүнийг анхаарах нь зүйтэй юм.