Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өнөөдөр газар дээр нь очиж ажиллалаа.
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс өссөөр байгаа бөгөөд манай улсын хувьд жилдээ 6000 орчим иргэн оношилогдож, 4000 гаруй иргэн нас барж байгаа тоон үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчигээ үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв нь өнөөгийн байдлаар өдөрт 1000 гаруй иргэн үйлчилүүлдэг бөгөөд эмнэлгээр үйлчлүүлэхэд ганцхан орц гарцтайн улмаас эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд хүндрэлтэй, замын түгжрэлд орж цаг хугацаа алддаг талаар тус эмнэлгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлалаа.Тэрбээр хэлэхдээ “Хавдар судлалын үндэсний төв өндөр хүчин чадал бүхий цөмийн цацраг изотопын үүсгүүртэй туяа эмчилгээний аппаратуудыг ашигладаг. Улсын онцгой обьектын хувьд цацрагийн, гал түймрийн болон бусад гамшиг тохиолдох үед орц гарцаас шалтгаалаад өндөр эрсдэл учирч болзошгүй байна. Автобусны буудалтай хэсэгт ганцхан орц гарц бий учраас иргэд түгжрэлд орж эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна. Тиймээс манай эмнэлгийн үе үеийн удирдлагууд орц гарцыг нэмэгдүүлэх судалгааг 2017 оноос гаргаж, эрх бүхий байгууллагуудад хандсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэх өгөхийг хичээнгүйлэн хүсч байна” хэмээгээд хотын Захирагч С.Амарсайханд Хавдар судлалын үндэсний төвийн орц гарцыг нэмэгдүүлж өгөхийг хүссэн албан бичгийг гардуулав.
Хавдар судлалын үндэсний төвийн баруун талд орц гарц гаргах боломжтой боловч ойр хавийн оршин суугчид эсэргүүцдэг талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн аюулгүй байдал цаашлаад олон хүний амь настай холбоотой эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлэх асуудлыг иргэн, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойлголцоод яаралтай дөрвөн хэсэгт орц гарц нээх хэрэгтэй гэлээ.Тэрбээр эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь очиж үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Автозамын хөгжлийн газарт өглөө.Мөн эмнэлгийн баруун хойд талд байрлах хоёр хэсэгт аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах орц гарцыг нээх үүргийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Хавдар судлалын үндэсний төвийн зүүн хэсэгт зөвшөөрөлгүй сендвечин барилга барьсан аж ахуйн нэгжийг 72 цагийн дотор газраа чөлөөлж, орц гарц нээх асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хариуцан шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү Хавдар судлалын үндэсний төвийн 4 байршилд орц гарцыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, шийдвэрлэсэн эсэх асуудлаар дахин мэдээллэхийг эмнэлгийн удирдлагуудад сануулсан юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс