“Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээ” уриан дор энэ жилийн ажлын хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Засаг Даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ ажлын хүрээнд ЗДТГ-ын доторх орчинг сайжруулан иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагын үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлийг зорилтоо болгон ажиллаж байгаа талаар Төв аймгийн хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Мөн байгууллагын алсын хараа, зорилтыг тодорхойлон, “Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ” урианы жилийн самбар, мэдээллийн самбаруудыг шинэчлэн, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж “Бит Линк” ХХК-тай хамтран сумын цахим хуудсыг шинэчлэн “Ухаалаг дэлгэц”-ийг ЗДТГ нэг давхарт суурилуулсан байна.
Ингэснээр иргэд цахим системийг ашиглан төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тамгын газрын албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулан өрөөний тохижилт болон тоног төхөөрөмжийг сайжруулан, үйлчилгээний ажилчдын амрах өрөөг тохижуулж, хөл арчигчийг шинээр суурилуулсан гэлээ. Түүнчлэн “Тусгал төв”, “Төв гэрэл” компанитай хамтран суман ЗДТГ-ын ариун цэврийн өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулаад байгаа юм байна.