Бидний энэ удаагийн зочноор Нийтийн дууны урлагийн гүнж, авьяаслаг дуучин, МУСТА П.Жимсээг урилаа. Тэрээр Нийслэлийн Ирээдүйн цогцолбор сургуулийг дүүргэж, 2007 онд СУИС–ийг МУГЖ О.Ичинхорлоогийн удирдлага дор Дуулаачийн мэргэжлээр төгсчээ.
Түүний дуулсан “Таван эрдэнэ”, “Хаврын найраг”, “Наран тэнгэр ижий” зэрэг олон арван бүтээлүүд хэдийнэ үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлүүд болж чадсан юм. Ингээд дуучин П.Жимсээгийн АМЬДРАЛЫН ЖОРТОЙ танилцацгаая.
Гоо сайхны жор
Түүний гоо сайхны жор энгийн сонсогдох боловч гоо сайхан, эрүүл, үзэсгэлэнтэй байх эхний алхам гэдгийг энд онцолье. Учир нь тэрээр буцалсан усыг их хэмжээгээр уудаг. Дуучин бүсгүйн мэргэжлийн дэг жаягт элдэв гааз, хийтэй ундааг зөвшөөрдөггүй тул зарим ажлын ачаалал ихтэй үед 6 литр ус уучихдаг гэнэ. Ус тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас эхлээд биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чамгүй чухал нөлөө үзүүлдэг зэрэг өөр юутай ч харьцуулшгүй гайхалтай үнэт чанарыг нь П.Жимсээ маань уншигч бүсгүйчүүддээ зөвлөж байна.
Усыг хэрхэн уух вэ?
Ус зөв уух гурван алхам байдаг. Үүнд:
– Балгах,
– Түр амсхийж амьсгаа авах,
–Дахин уух,
Энэхүү дарааллыг баримтлаж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш гэдгийг зөвлөлөө.
Мөн П.Жимсээ зөв хоололтын клубуудад хамрагддаг бөгөөд тэндээс өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг олж авдаг.
Нүүр арчилгаа
Тэрээр нүүрний арьсаа арчлах эхний бөгөөд чухам алхмыг хөөсөн цэвэрлэгээ гэж үздэг. Ингээд цэвэрлэсэн арьс дээрээ чийгшүүлэгч түрхээд, зовхины тосоо түрхсэний эцэст хамгийн нандин түрхэц болох серумээ тойрог байдлаар түрхэнэ. Түүний гоо сайхны брэндийн сонголт Herbalife–ийн Skin. Долоо хоногт гурван удаа Herbalife брэндийн жимсний хольцтой скраб, ногоон өнгийн шавар маск тавьсан байхад арьсны элдэв асуудал үүсэхгүй гэдгийг П.Жимсээ маань онцоллоо.
Биеийн арьсаа арчилгаандаа мөн Herbalife брэндийг Алое цуврал бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ бүтээгдэхүүний бие угаагчаар биеэ угаахад хуурайшихгүй бөгөөд дараа нь биеэ тослох шаардлага байдаггүй гэнэ лээ.
Гоо сайхны газруудад арьс арчилгаагаа даатгах дургүй
Тэрээр гоо сайхны газруудаар үйлчлүүлээд байдаггүйгээ энд дурдсан юм. Учир нь тэрээр гоо сайхны газрын бүтээгдэхүүнээс харшил авч улмаар нүүр нь хавдаж, тууралт үүсэж байжээ. Тиймээс гоо сайхны бүхий л асуудлаа өөрөө зохицуулчихдаг аж.
ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЖОР
Тэрээр өөрийгөө тун дажгүй эрүүл хооллодог хэмээн дүгнэлээ. Түүний хөргөгчнөөс цагаан гурил, цагаан будаа, хиам цагаан гурилан бүтээгдэхүүн, сыр, масло зэргийг хэзээ ч олж харахгүй гэнэ. Үүний оронд бор гурил, будаа, хөц будаа зэргийг түлхүү хэрэглэж байна. Мөн таван цулын маханд дуртай учраас түүгээр бууз хуушуур зэрэг битүү хоол хийдэг.
Эмэгтэйчүүд өдөр тутамдаа кальцийн дутагдалд их ордог учраас шаант ясыг удаан хугацаанд буцалгасан шөлөөр орой бүр хоол хийж иддэг байна.
Мөн өглөө 6.30 цагт босч клубдээ очоод өглөөний дасгалаа хийж, биеэ махбодидоо анхаарахын сацуу тэндээ өглөөний цайгаа уудаг. Харин өдгөө хөл хорио тогтсон энэ өдрүүдэд бие чангаруулах дасгал хөдөлгөөнөө гэртээ хийж байгаа юм байна.
ХУВЦАСЛАЛТЫН ЖОР
Эмэгтэй хүн биед эвтэй, тухтай харагдуулах хувцсаа өмсөж байвал өөртөө итгэлтэй сайхан харагддаг гэдэг зарчмаар тэрээр хувцасладаг. Хэдий урлагийн хүн ч элдэв гял цал хувцсанд дургүй, зөөлөн завсрын өнгөтэй хувцас сонгодог. Түүний хувцасны шүүгээнд биеийн тамирын хувцас, пүүз нэлээд бий гэнэ. Харин даашинз, өндөр өсгийтийг шаардлагатай үед л өмсөнө. Гоёл чимэглэлийн хувьд ч аль болох жижиг шигтгээтэй ээмэг зүүлт сонгож хэрэглэдэг.
Гэхдээ тайзны зүүлт чимэглэлүүд нь арай том илүү гялгар гялтгар гэнэ лээ. Тэрээр намхан ултай, урт түрийтэй гуталд үнэхээр дургүй гэсэн.
ХООЛНЫ ЖОР
Түүний хооллох жор тун нарийн дэг жаягаар явагдана. Тэрээр өглөө эрт босдог бөгөөд өглөөний цайндаа Herbalife брэндийн бүтээгдэхүүнээ хэрэглэнэ. Ингээд 11 цагт алим, жүрж зэрэг жимсээр хооллоод 14 цагт өдрийн гол хоол болох махан хоолоо иднэ. Харин орой тараг, ааруул зэрэг хөнгөн зүйлсээр хооллоно.
Харин ямар ч хоолыг тун дажгүй хийчихдэг гэдгээ онцолсон юм.
Зочны маань хийх дуртай хоолны тоонд шарсан элэг орно. Тэрээр нимгэн хэрчсэн элгийг хонины сүүл, бага зэрэг байцаатай хольж хөнгөн шараад идэх дуртай.
Мөн тэрээр сахар огт хэрэглэдэггүй бөгөөд оронд зөгийн бал мөсөн чихрээр орлуулдаг байна.
АМЬДРАЛЫН ЖОР
П.Жимсээ маань 5 ах 4 эгчтэй өнөр өтгөн гэр бүлийн отгон охин. Аливаа ажлын ард асаалттай танк шиг түүнийг дэмжиж байдаг ах эгч нараасаа эрч энерги авахын сацуу шүүмж сургуулийг ч давхар авч байдаг. Багаасаа олуулаа байхын жаргалыг мэддэг тэрээр гэртээ зочин урьж гарынхаа банштай цайгаар дайлах дуртай. Түүний гарын хоолыг үгүйлсээр очдог тухай найзууд нь өгүүлж байсан юм. Амьдрал гэдэг нэг нэгнийхээ дэмэнд өөдөлж дэвшиж байдаг учраас дуучин бүсгүй маань аль болох олонтойгоо байх дуртай гэнэ лээ. Мөн ханиа хайрлаж, хүндлэх өөрийн гэсэн нууц жор байх ёстойг тэрээр зөвлөсөн шүү.