Цаг үеийн мэдээ

“Хөгжлийн түүчээ-Төв аймаг-2024” аймгийн хөгжлийн хэтийн зорилтыг хэрэгжүүлэх ”Хөдөө аж ахуйн бүс, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”- ийн төслийг боловсруулан Төв аймгийн ИТХТ-ийн хурал болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөлийн 2020 оны 04 сарын 21-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцүүллээ.

Стратеги гэдэг нь зорилгод хүргэх боломжит нөөцүүдийг хэрхэн удирдан зохицуулж, ашиглахыг багтаасан ойлголт бөгөөд ийнхүү Төв аймагчууд урт хугацааны бодлогын баримт бичгийнхээ хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэх стратегиа сонгож ажил, хэрэг болгох төслүүдээ боловсрууллаа.

Төв аймаг нь 1300.0 гаруй мянган хүн амтай, нийслэл Улаанбаатар хотыг нутаг дэвсгэртээ багтааж, улсын төв хэсэгтээ оршдог аймгийн хувьд хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах, “Нийлүүлэгч аймгаас-үйлдвэрлэгч аймаг болох”, Засгийн газрын “Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлэх гол түшиц нутаг болох, эдийн засгийнхаа өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд стратеги төлөвлөлтөө боловсруулсан байна.

Хөдөө аж ахуйн бүсийг:

1. Мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс

2. Газар тариалангийн хөгжлийн бүс

3. Мах үйлдвэрлэлийн бүс

4. Туул Хэрлэн голын савыг дагасан жимс, жимсгэнэ, таримал ургамлын бүс

5. Уламжлалт мал аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх, өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлчээрийн мал аж ахуй гэсэн 5 бүсэд хуваан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн, хослуулан хөгжүүлэхэд бодлого, зорилтоо тодорхойлж байна.

Дээрх 5 бүсэд хэрэгжүүлэх 16 төслийг боловсруулж бэлэн болгосон бөгөөд Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Монголын үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбоо, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоодтой хамтран төслийн хөгжүүлэлтийг хийж байна.

Аймгаас эхний ээлжинд 4 төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр судалгаа тооцоогоо гаргасан. Үүнд:

1. Мах сүүний хосолмол ашиг шимтэй 400 үхрийн эрчимжсэн цогцолбор аж ахуйн төсөл- Уг төслийг хэрэгжүүлснээр жилдээ 2.2 сая литр сүү бэлтгэж, 2.2 тэрбум төгрөгний орлого олох эдийн засгийн тооцоо гарч байгаа бөгөөд дээрхи аж ахуй жилдээ 1.8 мянган тонн тэжээл хэрэглэх тооцоо гарч байна. Ингэснээр малын тэжээл үйлдвэрлэл эрчимжсэн мал аж ахуй хослон хөгжих баттай суурь бүрдэх юм. Улмаар мах сүүний хосолмол эрчимжсэн аж ахуйн бүсэд хуурай сүүний үйлдвэр, тэжээлийн үйлдвэрлэлийг дагуулж байгуулах ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлэх гэж байна.

2. Бэлчээрийн мал аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлж, өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл- Аймгийн хэмжээнд 1.2 сая орчим хонь төллөж, 500 мянган эр хурга эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой тооцоо гарч байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлснээр 10.0 мянган тонн хурганы мах зах зээлд нийлүүлэн, 70.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийх боломж бүрдэнэ.

Тэжээлийн нөөцөө түшиглэн 1000 хонь бордох аж ахуйг сумдад байгуулж, 78.0 мянган хонь бэлтгэн бордож, шинэ мах зах зээлд нийлүүлэх тооцоог хийсэн байна.

3. Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүсэд хүнсний ногооны, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйн төсөл- Хүлэмжийн паркийг 3 үе шаттайгаар байгуулах бөгөөд 13.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 60 хүлэмж байгуулж гуравдугаар үе шатны эцэст жилдээ 2000 тонн шинэ хүнсний ногоо нийлүүлэх боломж бүрдэнэ.

4. Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүсэд Цардуулын үйлдвэр байгуулах төсөл – 2014 онд жилдээ 90 хоног ажиллаж, стандарт бус 22.0 мянган тонн төмс боловсруулж, 3000 тонн цардуул үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулсан. Цардуул үйлдвэрлэх үйлдвэрийг ойрын хугацаанд шуурхай байгуулж чадвал төмс үйлдвэрлэгчдийн ашиг орлого нэмэгдэх, төмсний зах зээлийн үнэ тогтворжих, үр тарианы сэлгээнд төмс тариалах тариалалт нэмэгдэж, төмсний үйлдвэрлэл тогтвортой өсөх бололцоо бүрдэнэ.

Төв аймгийн Засаг дарга эдгээр хөгжлийн төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд бодлогын болон хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдаас хүслээ.

Таны сурталчилгаа