Цаг үеийн мэдээ

Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм.

Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм.

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбох, авто зам, цэвэрлэх байгууламж зэргийг нь бүрэн шийднэ. Үүнд зарцуулахад зориулж дээрх таван суманд тус бүр 4 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргахаар болсон юм. Хэрэв эдгээр таван суманд уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашдаа Монгол Улсын бүх сумыг тус хөтөлбөрт хамруулахаар Засгийн газар төлөвлөжээ.Ер нь “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ч нэр бүхий 99 сумыг эхний ээлжинд заавал төрөөс дэмжиж хөгжүүлвэл төвлөрлийг сааруулах, тухайн сумдад ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэнэ гэдэг дүгнэлт тусгагдсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдахаар болсон Батноров сумын ажил байдалтай танилцахдаа онцолж байлаа.

Улсын хэмжээнд таван сумыг жишиг байдлаар хөгжүүлэхээр болсонд, хамгийн гол нь Батноров сумыг хамруулж буйд Засгийн газарт тус сумын иргэд,  удирдлагууд талархаж буйгаа илэрхийлж байв. “Сумын төвийн шинэчлэл”-ийн хүрээнд тус суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл зэрэг нийт 4,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж.

Одоогийн байдлаар “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлаа Батноров сумынхан бүрэн хангасан бөгөөд Сангийн яам, БХБЯ зэрэг газруудаас санхүүжилт шилжиж орж ирэх, зарим зураг төсөл нь хийгдэх, гүйцэтгэгч компанийг шалгаруулах зэрэг ажлууд бэлэн болохоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд бэлэн болжээ. 

 

Таны сурталчилгаа