Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа.
Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус суманд ирж тус гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм.
Гүйцэтгэгч “Ган гүүр” компанийнхан ирэх сарын 10-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна тус компанийнхан Дадал сумын нутагт орших төмөр бетон гүүрийн их засварын ажлыг бас гүйцэтгэж байгаа юм.Олон жилийн турш дээрх сумдын иргэдийг төдийгүй хол, ойрын хүмүүсийг цаг хугацааны хувьд багагүй чирэгдүүлж, бирваазаар хүн, машин гол гаталдаг байсан хүндрэл ийнхүү шийдэгдэж буйд Дадал, Баян-Адарга сумын иргэд сэтгэгдэл өндөр байгаа аж.
Мөн энэхүү гүүр ашиглалтанд орсноор Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт нэмэгдэх юм. Хамгийн гол нь ОХУ-ын Чита мужаар дамжиж хилийн цаана байдаг Буриад, Халимаг, Тува зэрэг Монгол туургатнууд маань Ульханы боомтоор тус аймаг руу чөлөөтэй орж ирээд Чингис хааны нутгаар аялж, жуулчлах дэд бүтэц сайжирч, шинэ гарц нээгдэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.