Баянбүрдийн тойргийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх замыг автозамын засварын ажилтай холбоотойгоор хаахаар болсныг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр "Баянбүрдийн тойргийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх замд зам засварын ажил хийх тул өнөөдөр 22:00 цагаас хааж, эсрэг талын замын нэг урсгалыг Тасганы овоо явах чиглэлд зориулж, хашлага хийж, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хяналт тавьж ажиллаж байна" гэлээ.
Тус замыг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 11-ний өдрийн хооронд хааж, инженерийн шугам сүлжээний сэтэлгээ, хуучин асфальтбетоныг дахин боловсруулах аргаар шинэчлэх, нэмж хоёр үе асфальтбетон хучилт хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Иймээс нийт замын хөдөлгөөнд оролцогчдыг хязгаарлах хугацаанд авто замын ачааллыг тооцон, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.