Цаг үеийн мэдээ

Улс төрчдөд улс орноороо төлөөд баршгүй өртэйг өдөр бүр мэдэж авч байна. Жишээ нь, УИХ-ын гишүүнийг дахин сонгоогүй бол татвар төлөгч Та бид  тэтгэж тэжээдэг юм байна. Төр гэдэг тэжээгчээ алдсаны тэтгэмж болгон сарын 4 саяын цалинг нь Та бид бүтэн жилийн туршид 100 хувь даадаг. Одоогоос 28 жилийн өмнө гишүүнээ больсон хүнд 6 сарын цалинг нь сохор зоос дутаахгүй өгдөг байсан бол 2006 оноос бүтэн жилээр нь тооцон олгох хууль хэрэгжиж байна. Өмнөх 76-экс 38-ын 30 нь цалингаа авч байгаа юм байна. Экс 30-ын цалин жилдээ 1,2 тэрбум. Тоо толгой нь өсөж үржсэн 126-гийн тал нь буюу 78 нь 2028 онд мултарлаа гэхэд Та бид тэднийг тэжээхэд жилдээ 3,2 тэрбум шахам буюу нэг шинэ цэцэрлэг барих хөрөнгө зарна. Төсвийн нэг төгрөг бүрийг хэмнэнэ гэж попрох дуртай УИХ-ын гишүүдэд 1,2 тэрбум ч, 3,2 тэрбум ч бага мөнгө. Талх, гурил авахад үнэд нь шингэдэг татвар төлөгч Та бидэнд бол их мөнгө. 

Экс гишүүн ажилд орж чадаагүй, бага цалин авч байгаа бол зөрүүг нь бүтэн жилээр тооцон төлөх хуулийг өнгөрсөн оны 5-р сарын 16-нд шинэчлэн найруулсан. Хуучин ажилд нь томилно гэсэн бүтэшгүй заалтыг нь хассан ч бүтэн жилийнх нь цалинг олгох заалтыг хэвээр үлдээж шинэчлэн найруулагчид нь төсвийн мөнгө хэмнэх гэж төрсөн шахуу Г.Тэмүүлэн, Бээжинд элчингээр тэтгэвэртээ сууж байгаа Нямаагийн Энхболд, Л.Мөнхбаатар нар юм.  

Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй гэдэгчлэн эгэл иргэн 5 жил шимтгэл төлсөн бол цалингийнхаа 45 хувийг нь авдаг. УИХ-ын гишүүн 4 жил  ажиллаад 4 саяын цалингаа бүтэн бүрэн авах бүдүүн тусгай эрхтэй. Төрийн түшээ гээд байдаг. Төр түшээд байгаа ч юм биш төрөөр түшүүлээд байгаа юм байна. Тэд төрийг түшээ нэртэй ч, тэднийг татвар төлөгч Та түшиж тулсаар байна. 

Нэг талаас онцын авьяасгүй, бие даан амьдрах тэнхээгүй, бүтээх биш нурааж чаддаг, төр гэдэг тэжээгчээ алдсаны тэтгэмж. Нөгөө талаас авилгаас гадна цалин гэдэг чихрийн цаасаа туслахдаа өгчихдөг гишүүдэд ийм ивээл хайр хэрэгтэй юу? Нэгмөсөн аваад сурчихсан 10 хувь, хээл хахуулийг нь нөхөн олгох юм уу? Өсөхийн өлөн арилахгүй, эксийн гомдол цайрахгүй.   

Таны сурталчилгаа