Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн цэргийн ... дүгээр ангийн гэрээт цэргийн алба хаагч нас барсантай холбоотойгоор хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийх зорилгоор ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг Хилийн цэргийн ... дүгээр анги, тус ангийн ... дугаар заставд 2025 оны 01 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалт зохион байгууллаа.
Комисс 2022 онд Улсын Их Хуралд өргөн барьсан Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдлыг тусгасан. Тус илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын 2022 оны 49 дүгээр тогтоол батлагдаж, холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.
Уг тогтоолын хэрэгжилтийг Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хэрхэн хангаж байгаад ХЭҮК тогтмол хяналт тавьж, тухай бүрд нь зөвлөгөө өгч ажиллаж байна.
Энэ хүрээнд дээрх цэргийн анги, заставын өдөр тутмын үйл ажиллагаа болон тухайн хэрэгтэй холбогдох баримт, мэдээлэлтэй танилцаж, алба хаагчидтай ярилцлага зохион байгуулж, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй байх, дүрмийн бус харилцаанаас ангид байх, зохистой хоол, хүнс тэжээлээр хангагдах, сурч боловсрох зэрэг эрхийн хэрэгжилтийг хэрхэн бүрдүүлж буйг шалгаж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох арга хэмжээ авахаар Комисс төлөвлөж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, Э.Сансар, референт С.Мөнх-Эрдэнэ, Дорноговь аймаг дахь референт Т.Мөнгөнчулуун нар ажиллалаа.
2025-01-08
ямарч аймаар орчинд цэргүүд байлгадаг юм вэ гишгэх газар алга