Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудсандаа : Өнөөдөр шинийн 8-ны билэгт сайн өдөр. Мөн Майн баяр-Эв нэгдлийн өдөр. Журмын нөхдийн хамт Монгол Ардын намынхаа сонгуульд оролцох эрхийн батламжийг СЕХ-оос гардаж авлаа. Нэг мэдэх нь ээ сонгууль хаяанд иржээ. Хуулийн дагуу 5-р сарын 9-нөөс өмнө өнгөрсөн 4 жил тойрогтоо хийсэн ажлаа сэтгүүл, сонин гаргаж тайлагнах учиртай. Эрүүл мэндийн салбархантайгаа 1-р сарын 3-наас эхлэн Коронавирустэй "дайтсаар" 5 дахь сартайгаа золгож байна. Энэ завсар сонгууль бодож сэтгүүл хөөцөлдөж үнэхээр чадсангүй. Гэхдээ иргэд сонгогчиддоо, ХАН-УУЛЧУУДДАА ажлаа тайлагнах нь төрийн түшээ хүний үүрэг. Тиймээс өнөөдрөөс товч тайлан хүргэе гэж шийдлээ. Та бүхэн маань ойлгон хүлээж авахыг хичээнгүйлэн хүсье гэжээ. Мөн
ЭРХЭМ ХҮНДЭТ ХАН-УУЛЧУУДДАА
Одоогоос дөрвөн жилийн өмнө 2016 оны 6 дугаар сард Монгол Ардын Нам миний биеийг Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт томилон илгээсэн билээ. Дөрвөн жил харвасан сум шиг хурдан өнгөрчээ. Тэгэхдээ хийе гэсэн хүсэл эрмэлзэл, харилцан итгэлцэл дүүрэн байхад ямар ч тулгамдсан асуудлын ард хамтын хүчээр гарч болдгийг бид харуулж чадлаа. Бид гэж нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд түмэн олныхоо итгэлийг авч сонгогдсон баг хамт олон, тойргийнхоо иргэд сонгогчдоо хэлж байгаа юм. Сонгогдохын тулд нэр дэвшигчид иргэдийн санаа бодлыг эргүүлэх, худал үнэн зүйл ярьж амалдаг гэх шүүмжлэл багагүй байдаг. Гэвч манай сонгогчид, манай баг хамт олонд энэ шүүмжлэл хамаарахгүй гэдэгт итгэлтэй байна. Дөрвөн жил бид хамтдаа байж, уулзаж учирч, инээж хөхөрч, баярлаж хөөрч бас уурлаж уцаарлах үе хаа нэгтээ байсан ч мөрийн хөтөлбөр, тулгамдсан асуудлаа шийдвэрлэсээр ирлээ. Цаг хугацаа шаардсан, гүйцэтгэл нь энэ он болон дараа жилийг дамнах цөөн зарим ажил бий. Гэхдээ эхлэл нь тавигдаагүй, санхүүжилт нь шийдэгдээгүй асуудал нэгээхэн ч үгүй. Үүнд бид бүгдээрээ баяртай байдаг.
Хан-Уулчууд маань хамгийн түрүүнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг дахин төлөвлөлтөд оруулах асуудлыг тавьж, сургууль , цэцэрлэг нэмж барих, олон жил болсон орон сууцны дулаалга, дээврийн засвар хийх, гадна болон хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, мод тарих, замын хөдөлгөөнөөс хүүхдүүдээ хамгаалах хурд сааруулагч тавих зэрэг санал гаргаж байсан билээ. Дөрвөн жилийн хугацаанд 52 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 62 төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил бид тойрогтоо хийжээ. Мөн өөрийн хөрөнгөөр 395,6 сая төгрөгийн 16 ажил хийж хэрэгжүүллээ.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинатын хувьд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудал арай ахиу байсан гэж хэлж болно. Нийслэлийн төвөөс 25 км-т орших энэ хороо цорын ганц сургуультай. Тэр нь олон жил болсон, хүйтэн нойтон, хана туурга цуурсан гээд хүүхэд суралцах нь бүү хэл хүн тогтохын аргагүй сургуулийн барилгыг шинээр барих санхүүжилтийг төсөвт суулгаж ажил эхлэх боломж бүрэн бүрдлээ. Энд шинэ цэцэрлэгийн барилга ч эхэлсэн. Иргэдээ хөгжүүлэх төв, шинэ өрхийн эмнэлэг, халуун ус гээд иж бүрэн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Сонгинын модон гүүр нэгэнт ашиглах боломжгүй болсон учраас шинээр барихаас аргагүй байлаа. Гүүр өртөг өндөртэй ажил. Улсын төсвийн 4 тэрбум төгрөгөөр төмөр бетонон гүүр шинээр баригдаж дууслаа. Гүүрний хоёр талын замын санхүүжилтийг мөн энэ оны төсөвт оруулж батлууллаа. Ингээд биочуудыг маань болон зорчин өнгөрөх хэн бүхнийг шинэ гүүр, дардан зам угтах нь ээ. Манай биочуудын тухайд бас цахилгаан гэрэл, эрчим хүчний хувьд хүндрэлтэй асуудал байсан. Үүнийг бид хамтдаа шийдэж чадсан. Ингэж 43 жил хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил нийслэлийн алслагдсан 12 дугаар хороонд өрнөж байна.
Хотын “элит” хэсэг хэмээх тодотголтой ч Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны орон сууцны барилгууд хуучирч, сургууль цэцэрлэг муудсан, гадаад орчны тохижилт тааруу байдаг. Тиймээс хорооддоо улс, нийслэл, дүүргийн төсвөөр 6 цэцэрлэг шинээр барьж өргөтгөл хийлээ.
Мөн олон улсын төсөл хөтөлбөрийг ч тойрогтоо татаж БНХАУ-ын “Энхтайван найрамдал сан”-гийн буцалтгүй тусламжаар 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 50 ортой эмнэлэг байгуулж, Японы “Жайка” олон улсын байгууллагын тусламжаар 920 хүүхдийн суудалтай 75 дугаар сургуулийн шинэ барилга өнөө жил ашиглалтад орох нь ээ.
2015 онд гарсан “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалт”-д Хан-Уул дүүргээс 44 барилга орсноос нэн даруй буулгах 25 барилга байдаг. Бид 23 барилгынхаа асуудлыг шийдвэрлэж дахин төлөвлөлт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй бусад хороо, дүүргээ тэргүүлж явна. Хүний орон байрны асуудал шиг амин чухал зүйл гэж юу байх билээ. Тиймээс энэ ажилд тайтгарч хандаж болохгүй. Эцэслэж шийдвэрлэж дуусгах учиртай. Нэхмэлийн шарын үлдсэн 1, 2 ,7, 11, 16, 10, 17, 12, 13, 18 дугаар байрнуудын дахин төлөвлөлтөд орох асуудал нэг мөр шийдвэрлэгдэж, гүйцэтгэгч компаниуд ч тодорхой болж иргэд, оршин суугчид маань баяртай байна.
Манай тойргийн ард иргэд, сонгогдсон гишүүдийн дунд хүн ёсны нандин сайхан харилцаа байдаг нь намайг ихээхэн баярлуулдаг билээ. Сонгуулийн амлалт, биелэлтээр бидний харилцаа холбоо хэмжигддэг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр бид уулзаж учирдаг, дуулж хуурддаг, бие биедээ хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай.
Ахмад настнуудаа жил бүхэн эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нийгмийн халамж нэн шаардлагатай гэр бүлд дэмжлэг үзүүлэх, өргөө цагаан гэр бэлэглэх, хүүхэд залуустаа зориулж сагсны болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, камержуулалт тавих, хүүхэд, хөгшиддөө сар шинэ, эрдмийн баяраар хүндэтгэл үзүүлэх, амралт сувилал явах гээд бидэнд уулзаж учрах тохиол олон байдаг юм. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг нэгэн аюулт өвчин нөмөрч түүнд нэрвэгдээгүй улс орон үндсэндээ үлдсэнгүй. Энэ “золиг”-оос болоод хөл хорио, карентин зарлаж олуулаа цуглаж бөөгнөрөхгүй байх шийдвэр гарснаас бидний өвөл, хаврын уулзалт тасалдаж орхилоо. Гэвч та бүхэнтэйгээ олон олон өвөл, хавар уулзан учирч санаа бодлоо солилцон дүүргээ, улс орноо хөгжүүлэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцах сайхан цаг ойрхон гэдэгт итгэл төгс байна. Та бүхнийхээ итгэлийг хүлээсэн төрийн түшээгийн зэрэгцээ Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүний хувьд ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах зэрэг олон ажлыг төр засаг, эрүүл мэндийн салбарынхан, эмч мэргэжилтнүүд, түмэн олон та бүхэнтэйгээ хамтран хийж хэрэгжүүлэхэд хамаг цаг заваа өнөөдрийн хувьд зориулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар шинэ коронавирусээс ард түмнээ хамгаалах асуудлыг онцгойлон анхаарч хүнээ дээдэлсэн шуурхай, оновчтой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй ээлж дараалан авсны үр дүнд хэдийгээр гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд бүртгэгдсэн ч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд халдвар гаргалгүй КОВИД-19-ын эхний давалгааг хамтдаа амжилттай тууллаа. Цаашид сонор сэрэмжээ алдалгүй мэргэжлийн байгууллагын зөвлөмж чиглэлийг дагаж мөрдөн аюулт өвчний ард хамтдаа гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улс маань улам бүр хөгжин дэвжиж, сайн үйлс бүхэн дэлгэрэхийн ерөөл өргөе.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ДАВААЖАНЦАНГИЙН САРАНГЭРЭЛ