“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бөгөөд Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Т.Рэнчинмядаг нар Ноён уул орчмын байгалийн нөөц газрыг 33498 га, дурсгалт газрыг 405,1 га талбайгаар тогтоосон хэмээн танилцуулгад дурдсан.
Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн батлагдсан төсвийн хүрээнд багтаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Оюундарь Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч ангилал дээшлүүлэх асуудлыг дэмжиж байна, байгаль орчноо хамгаалах тал дээр орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах, дэлхийн хэмжээний жишиг улсын тусгай хамгаалалттай газар болгох ажлыг өрнүүлэх, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байгаль орчин, түүх соёлын дурсгалт зүйлээ хамгаалах асуудлыг онцгой анхаарч, нэн яаралтай улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай, уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах, УИХ-ын гишүүн А.Сүхбат Монгол Улсад химийн хортой нэгдэл болох хүнцэл аль бүс нутагт байгаа талаар судалгаа хийж, хүнцлийн хэмжээг олж тогтоох, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ноён уулын хамгаалалтыг ангилал дээшлүүлж улсын тусгай хамгаалалтад авахаар Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь байгаль орчны төлөө санаа тавьж, тэмцэж явсан хүмүүсийн үйл хэрэг биеллээ олж байна гэсэн саналыг тус тус хэлсэн болно. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно хэмээн танилцууллаа.Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Ноён уулын хамгаалалтыг ангилал дээшлүүлж, улсын тусгай хамгаалалтад авах ажил олон жил яригдсаны эцэст биеллээ олж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдээс газрыг хэрхэн хүлээн авах, байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх, нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ноён уул орчимд олгогдсон 11 тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль зөрчигдөн явагдсан үйлдлийн үр дүн хэмээгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэлээ. Тиймээс ойн экологи, эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тогтоож, аж ахуйн нэгжүүдээр байгаль орчны нөхөн сэргээлтийг нөхөн төлүүлэх бөгөөд, бусад харилцааг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ