Өнөөдрийн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уншиж танилцуулав.
Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Төсвийн тухай хуульд нийцүүлэн найруулгын хувьд дахин томьёолох чиглэл өгсөний дагуу дээрх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн хэмээлээ.Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Үргэлжлүүлээд Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ