УИХ-ын чуулганы Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд тус Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа уншиж танилцуулсан.
Тэрбээр, Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусгасан төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Дэлхийн худалдааны байгууллагатай хийсэн хэлэлцээрийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах асуудалтай холбоотой заалт төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ хэмээн танилцуулав.
Тогтоолын төслийн 4 дэх заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд энэ тогтоолын 3 дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлах; “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоохоор тусгажээ. Мөн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний хэлэлцээр"-т нийцүүлэн “Хамгаалалтын арга хэмжээний журам’’-ыг батлах, хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болон гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох.” хэмээн тусгажээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжин, тогтоолыг олонхын саналаар баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.