"Эрдэнэс тавантолгой" ХК 2 сая 512 мянган хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг тараахаар болсон. Тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр өнөөдрөөс (2020.04.05) ногдол ашиг иргэдийн дансанд шилжиж эхлэх бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг мэдээллээ.
Компанийн хувьцаа эзэмшигчдээс хувьцааны дансаа 1.6 сая иргэн нээлгэсэн байна. Үүнээс 425 мянган иргэн банкны дансаа мэдүүлж, шалгаж баталгаажуулжээ. Эдгээр иргэнд ногдол ашиг олгоход асуудал үгүй. Өнөөдөр ч шилжүүлэхэд бэлэн байгааг "Эрдэнэс тавантолгой" ХК-аас мэдээллээ.
Харин хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголтын данс, И баримт апплейкшнд тулгуурлан ногдол ашгийг олгохоор Гааль татварын мэдээллийн технологийн газартай хамтран ажиллаж байгаа аж.