Цаг үеийн мэдээ

         Квокка нь дэлхий дээрх хамгийн аз жаргалтай амьтан юм. Харсан хүн бүхэнд баяр баясгаланг төрүүлж чаддаг Австралийн цорын ганц зэрлэг амьтан юм байна. Зарим хүмүүсээс ч илүү зураг авахуулах авьяастай энэхүү амьтан Австралийн баруун хэсгийн жижиг эргүүдэд амьдардаг аж. Богино сүүлт имж буюу нутгийн хэлээр квокка гэгддэг уг амьтан хагас метр орчим өндөртэй мөртлөө ердөө 2.5-5 кг жинтэй, 10 хүртэл насалдаг байна. Мөн улаан номонд бүртгэгдсэн энэ амьтан хүмүүстэй маш ойр дотно, нөхөрсөг харилцаатай гэнэ.

            Нэг хэсэг “Quokka Selfie” гэх трэнд газар авч байсан удаатай бөгөөд түүнтэй зургаа авахуулах гэсэн хүмүүс Австралийн Роттнест арлыг зорьсоор л байгаа ажээ. Харин тэр жуулчид Квоккад их тус хүргэдэг гэдгийг та мэдэх үү?

Квоккатай хамт зургаа авхуулах гэсэн хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Жуулчид ирнэ, хамт зургаа авахуулна, мөн тэд хандив өгнө. Харин тэдгээр жуулчдын өгсөн хандив, татварын ачаар квоккагийн амьдрах орчин нөхцлийг нь алдагдуулахгүйгээр хадгалж чадсаар байгаа ажээ. Мөн жуулчид тэдэнд зориулж мод нэмж тарьдаг байна.

            Квокка нь их дөлгөөн зантай болохоор тэр бүр хүмүүсээс цочдоггүй аж. Харин ч хамт зургаа авахуулах мөчид инээмсэглэж байгаа мэт гардаг байна. Учир нь тэдний хошууны хэлбэр нь цаанаасаа, байгалиасаа инээмсэглэж байгаа мэт байдаг байна.

 

     

            Хэрвээ та квоккатай зургаа авахуулахаар шийдсэн бол хоёр дүрмийг сайтар анхаарах хэрэгтэй. Үүнд:

1.         Квоккад хүрэхгүй байх – Хэрвээ та квоккад нэг л хүрэх юм бол 150$-н торгууль төлөх ёстой. Учир нь квокка хэт нолоолуулах дургүй. Бүр хамтдаа зургаа авхуулсаар байгаад залхсан квокка хүнийг хазсан тохиолдол хүртэл гарч байжээ.

 

     

 

2.         Хооллож болохгүй – Квокка бол байгалиасаа хоол тэжээлээ эрж хайж амьдардаг амьтан. Мөн түүний хоол тэжээл болох навч, жимс, самар гээд бүхий л зүйлс нь арал дээр байгаа. Тиймээс квоккагийн амьдралын хэв маягийг нь алдагдуулахгүйн тулд түүнийг хооллож болдоггүй байна.

 

Таны сурталчилгаа