Цаг үеийн мэдээ

 

        Гар утсанд донтсон хүүгээ эмчлэхийн тулд Монголд аялаад буцсан Канад иргэн Жэйми Кларк юм.   Тэрбээр үргэлж дэлгэц ширтэн суудаг 18 настай хүүгээсээ холбоо тасарсан мэт санагдах болсон гэнэ. Хүүгийнхээ эл байдалд Кларк өөрийгөө буруутгасаар иржээ. Учир нь, тэр хүүгээ багад нь утсан дээр хамтдаа тоглоом тоглодог байсан аж. Кларк "Хүүхэд ямар нэгэн зүйлд донтсон л бол үүнд эцэг эхчүүд буруутай. Ухаалаг төхөөрөмжүүд гайхалтай ч тэдгээр зүйлс биднийг хянаж байгаа мэт санагддаг болсон" гэж ярьжээ.

      Кларк  гар утас, технологийн хэрэглээ гэр бүлийнх нь харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг анзаарч, үүнийг засаж залруулах талаар бодож эхэлжээ. Тэрбээр Монгол орныг мотоциклоор хөндлөн гулд туулахыг олон жилийн турш мөрөөдөж ирсэн тул том болсон хүүгээ дагуулж тал нутгийг зорихоор шийджээ.

      Кларк өмнө нь хоёр ч удаа Эверестэд авирч байсан туршлагатай уулчин. Харин түүний хүү Хобе мотокцикл барих эрхээ авч, урт хугацааны хоёр ч аялалд явж байсан боловч аав шигээ ууланд авирч байсан туршлагагүй. Тиймээс Монгол руу аялахын тулд багагүй бэлтгэл хийх шаардлагатай байсан хэмээн Хобе ярьжээ.

     Тэд 2019 оны 7 дугаар сарын 28-нд зорьсон газар луугаа нисэж, мотоцикл, морь, тэмээ ээлжлэн унасаар 2200 км замыг туулж, Монгол орноор хөндлөн гулд аялсан байна. Тэр хоёр олон гайхалтай зураг татуулж явсан ч гэртээ эргэж ирэх хүртлээ сошиал медиад ямар ч зураг оруулаагүй, утсаа ашиглаагүй гэж BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

       Утасгүйгээр аялах хэцүү байсан ч энэ хугацаанд аавынхаа талаар илүү ихийг мэдэж авсандаа олзуурхаж байна гэж Хобе ярьсан байна. Харин Кларк "Хүүгээ өөр нүдээр харахад энэ аялал тусалсан. Би хүүгээ, хүрмээ үргэлж ширээн дээр тайлж тавьдаг, аяга тавгаа угаадаггүй бяцхан хүү л гэж бодож ирж. Гэтэл цагаа тулахаар бүхнийг хэчнээн сайн зохицуулах, бэрхшээлийг даван гарах чадвартайг нь харлаа" гэжээ.

Тэд аяллаас олж авсан туршлагаа амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж байна хэмээн ярьсан байна. Мөн технологи хортой, муу гэж бодохоос урьтаж түүнийг өөрт ашигтайгаар зохистой ашиглах сурах хэрэгтэй гэдгийг аав хүү хоёрын хэн хэн нь ухамсарласан гэсэн юм.

Таны сурталчилгаа