Цаг үеийн мэдээ

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр тодруулдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу “Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ”, “Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ”, “Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ”-ний үзүүлэлтээр шалгаруулдаг бөгөөд 2019 онд Төв аймаг Дэлхийн банкны хийсэн судалгаагаар ядуурлын түвшин багатай аймаг гэсэн үзүүлэлтээр 21 аймгаас 2 дугаар байрт, Авлигатай тэмцэх газраас захиалан хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг Шударга байдлын үнэлгээгээр 21 аймгаас 2 дугаар байр эзэлсэн билээ.

Төв аймгийн хувьд Үндэсний баялаг болсон мал сүрэг нь 4.9 сая толгойд хүрч, малын тоогоор улсдаа дөрөвт эрэмбэлэгдлээ. Монгол улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой тохиож, тус аймгийн тариаланчид 91.7 мян.тонн үр тариа, 105 мян.тонн төмс, 14.5 мян.тонн хүнсний ногоо, 46.3 мян.тонн малын тэжээл хураан авч төмс, тэжээлийн ургамлын ургацаараа улсдаа тэргүүлсэн амжилт гаргажээ.

Аймгийн хэмжээнд 2019 оныг “Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж эдийн засаг, нийгмийн бүх салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн сум, байгууллага, иргэдийнхээ үйл ажиллагааг бүрэн чиглүүлж, идэвхжүүлэн өрнүүлж бодлого, зохион байгуулалт, хөрөнгө санхүүгээр дэмжин ажилласнаар олон сумдад сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёл спортын болон эрүүл мэндийн төвийн барилгууд шинээр баригдаж, их засварт хамрагдан, цахилгаан эрчим хүч, ус, дулаан хангамж, зам тээвэр дэд бүтцийн салбарт иргэдийн нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэж 2019 онд  99.3 тэрбум, бүрэн эрхийн хугацаанд 309.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ.

Ажилтай, орлоготой иргэн,  ая тухтай, чанартай амьдралтай өрх гэр, өсөлттэй, өгөөжтэй, эдийн засагтай аймаг болох хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэн их бүтээн байгуулалт өрнүүлж, хөгжлийн төслүүд хэрэгжүүлэн, дотоодынхоо хэрэгцээг орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээр хангаж, мөнгөний гадагш чиглэсэн урсгалыг бууруулж, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж, хүний хөгжил, нийгэм эдийн засгийн бүхий л салбаруудын хөгжлийг түргэтгэн ажилласнаар 2016-2019 онд 4263 иргэнийг байнгын шинэ ажлын байр, 37198 иргэнийг түр ажлын байраар хангаж, 3064 иргэнийг ажилд зуучилж, Гэр төсөлд 368 өрх хамруулан өргөө цагаан гэртэй болгож, 93 өрхийн орон сууцыг хувьчилж, 24 өрхийг түрээсийн орон сууцаар ханган амьдралын чанарыг нь дээшлүүлж, итгэлийг зүтгэл, үр дүнгээр  хариулан ажиллаж байгаа юм байна.

Эдгээр үр дүнг бататган, ахиулах, бодлогын залгамж чанар, уялдааг хангах үүднээс 2020 оныг “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээ” урианы жил болгон, хуулиа дээдэлсэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албыг төлөвшүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг улам ахиулж, гүйцэтгэлийн сахилгыг сайжруулах бодлогын зорилт дэвшүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэ онд цахим засаглалыг хөгжүүлэн, иргэдийн үйлчилгээ авах нөхцөлийг хялбаршуулж төрийн байгууллагуудад олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO стандарт, сум бүрт төрийн үйлчилгээний “Хур” систем нэвтрүүлнэ. Зуунмод суманд 30 МВт-ын дулааны станц, шугам сүлжээ шинэчлэх ажлыг эхлүүлж, Манзушир хүртэлх хатуу хучилттай авто зам, Угтаалцайдам, Цээл, Заамар чиглэлийн замын ажлыг эхлүүлж Баян-Өнжүүл, Өндөрширээт, Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвийг шинэчлэн өргөтгөх, Сэргэлэн, Баянжаргалан, Баянчандмань, Борнуур сумын соёл, спортын төв Баянхангай, Мөнгөнморьт, Архуст сумдад дотуур байр, Заамар, Жаргалант сумдад сургуулийн өргөтгөл засвар хийж Архуст, Баянцогт, Сэргэлэн сумдыг төвлөрсөн халаалттай болгох юм.

2020 онд улс, орон нутаг, төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 110.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийх юм байна. Аймгийн эдийн засгийн бүсүүд, кластерийн мужлалуудыг оновчтой тогтоон хөгжүүлж, цардуулын, малын дайвар бүтээгдэхүүний, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах томоохон үйлдвэр байгуулж, малын үүлдэр угсааг сайжруулан, хурга бордож зах зээлд нийлүүлэх төсөл зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Таны сурталчилгаа