Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн есөн дүүрэгт эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн амьдарч буй орчин, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүрэгт ажиллаж, “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ” хийх үеэр эрсдэл өндөртэй гэж гарсан айлуудаар явж нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ хүнс тэжээлийн туслалцаа үзүүлсэн байна.
Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд хамтран “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналттай байлгах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийг баталсан. Энэхүү удирдамжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан ажээ.
Түргэвчилсэн үнэлгээнд нийт 109.991 өрх хамрагдсан бөгөөд нийт өрхийн 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувь буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай гэсэн дүн мэдээ гарсан байна.
Мөн хөл хорионы үеэр хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна гэсэн судалгаа гарсан төдийгүй эдгээр өрхөд 200 мянга гаруй хүүхэд амьдарч байна гэсэн. Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэд хэдэн ажлын хэсэг гарч, тавдугаар сарын 1-нээс 8-ны хооронд дээрх айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцсан дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа аж.