Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь зургаан сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Онон голын төмөр бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулж, тавдугаар сард барилгын ажлаа эхлүүлж байсан.
Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар 2019 оны тавдугаар сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус гүүрийн барилгын ажлын нээлтэд оролцсон бөгөөд Засгийн газрын тэргүүн болон Засгийн газрын гишүүдийн зүгээс энэхүү гүүр баригдсанаар нутгийн иргэд, аялал жуулчлалын чиглэлээр зорин очсон хүмүүсийн хувьд цаг хугацаа, зардал хэмнэх олон талын ашигтайг онцолж байсан юм.
Түүнчлэн гүүрийн барилгын ажлыг чанартай гүйцэтгэж, гэрээт хугацаанд багтаан ашиглалтад оруулахыг “Гангүүр” ХХК-ийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон нь ийнхүү үр дүнгээ өгч Онон голын гүүрийг төлөвлөгөөт хугацаанаас өмнө бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Цаашид тус аймгийн Биндэр суманд Онон голын 209 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.