Монгол Улсын Засгийн газраас хүнсний салбарыг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын хүнсний хамаарлыг бууруулах, хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах бодлогыг баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Үйлдвэржилт 21:100”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлж байна.
Тус яамнаас салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээ чадавхжуулах, сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандартыг нутагшуулахад онцгойлон анхаарч Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдсан ISO 9001-2015 Олон Улсын чанарын удирдлагын сургалтад үйлдвэрлэгчдээ хамрууллаа.
Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015) нэвтрүүлж буйг батламжласан гэрчилгээг “Увс Хүнс” ХК, “ЕДЕН” ХХК, “Михачи” ХХК, “Монгол Фүүд” ХХК авч, салбартаа анхдагчид нь болж байна. Энэхүү гэрчилгээг ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн гардуулан өглөө.
Сургалтад үйлдвэрлэгчид хамрагдан гэрчилгээг гардан авснаар чанарын удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг бий болгон үр ашиг, үнэлэмжийг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Чанарын удирдлагын тогтолцоонд тогтоосон олон улсын энэхүү стандартын шаардлага бол бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нэмэлт шаардлага юм.
Олон улсын энэхүү стандартад Байгууллага нь “Төлөвлө-Шалга-Сайжруул” хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, эрсдэлд суурилсан сэтгэлгээний арга барил хэрэглэснээр үйл явц, чанарын удирдлагын тогтолцоог, төлөвлөсөн үр дүнгээс хазайхад нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авах, сөрөг үр дагаврыг бууруулах, буй болсон боломжийг бүрэн ашиглах нөхцөлөөр хангагдах чадавхтай болдог байна.