Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч С.Бямбадорж нар өчигдөр тус дүүргийнхээ Замын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Замын цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ариунболд дүүргийн удирдлагуудад 2020 оны нэгдүгээр улирлын ажлаа танилцуулж, зам тээврийн осол, архидан согтуурах үйл ажиллагаа эрс буурсан гэдгийг хэллээ.
Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирус /Covid-19/ халдварт өвчний улмаас хөл хорио тогтоож ажилласантай холбоотой гэдгийг албан хүмүүс мэдээлсэн байна.
Дүүргийн Засаг дарга энэ хүнд нөхцөл байдалд цаг наргүй ажиллаж байгаа нийт алба хаагчдад талархал илэрхийлээд, "Цаашид дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орох судалгаа гарсан. Тиймээс манай улсад ч нөлөөлнө. Үүнийг дагаад иргэдийн сэтгэл санаа хямрах, бухимдал зүйл гарч болзошгүй. Тиймээс иргэдтэй зөв, боловсон хандаж ажиллахыг хүсье" гэжээ.