Олны танил эмэгтэйчүүдийн сайхан харагддаг нууц юунд байдаг юм бол хэмээн охид бүсгүйчүүд сонирхдог. Тэгвэл энэ сониуч асуултад хариулт өгөхөөр “Миний жор” буланд дуучин С.Сэрчмаагийн гоо сайхны жороос хуваалцья.
АРЬСАА АРЧЛАХ ЖОР
Тэрээр гурван сар тутамд гоо сайхны бүтээгдэхүүнээ сольдог гэнэ. Учир нь тэрээр хуурай, эмзэг, нимгэн арьстай учир арчилгаа их шаарддаг төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүнд дорхноо дасал болж, арьсанд нь таарахгүй болдог байна. С.Сэрчмаа сайн арьс арчилгааны бүтээгдэхүүн болон сайн цэвэрлэгээг эрхэмлэдэг. Тэрээр арьсаа гүн цэвэрлэхдээ юуны өмнө нүүрний будгаа тусгай арилгагчаар арчиж аваад, нүүрний савангаар хөөсрүүлж нүүрээ сайн угаана. Дараа нь гүн цэвэрлэгчээр сайтар цэвэрлээд чийгшүүлэх тосоо түрхэнэ. Мөн өөрийн гараар бэлтгэсэн маскаа хэрэглэх дуртай.
Маскны жор:
1. Сүү, зөгийн бал, ногоон цай гурвын тунг тааруулан хооронд нь сайн хольж хутган нүүрэндээ 20 минут тавьдаг. Уг маск арьсанд сайн тэжээл өгч арьсыг сэргээж, гэрэлтсэн, толигор зөөлөн болгож өгдөг.
2. Нүүрний зөвхөн тослог хэсгүүдэд өргөст хэмх тавьдаг. Энэ нь арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлж өгдөг.
3. Самрын төрөл оролцсон маск арьсанд маш сайн тэжээл өгдөг учраас энэ төрлийн маскыг түлхүү хэрэглэдэг. Гэхдээ энэ төрлийн маскыг гэртээ хийлгүйгээр бэлэн маск авч хэрэглэдэг байна.
Дуртай үнэртэн:
Тэрээр Мисс Диор брэндийн үнэртэй усыг ихэд таашаан түрхдэг. Олон жил энэ усандаа үнэнч яваа аж. Мөн тэрээр Японы улсын Shiseido брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай.
МИНИЙ ХООЛНЫ ЖОР
Тэрээр жингээ барих асуудал дээр санаа зовох нь бага байдаг. Дуучин хүн сайн идэж байж хоолой сайн гардаг хэмээх дүрмийг баримталдаг. Тиймээс тэрээр бүх төрлийн хоолонд дуртай. Хааяа хөнгөн хоолломоор санагдвал далайн байцааны шөл хийж иддэг байна. Далайн байцаа эмэгтэй хүний арьсанд сайн нөлөө үзүүлдэг учраас дуучин бүсгүй маань тун ч дуртай гэнэ.
Далайн байцааны жор:
– Далайн байцаа
– Саримс
– Үхрийн мах
Эдгээр хольцуудаа усанд хийж, дээр нь бага зэргийн давс болон нэг цайны халбага гүнжидийн тос нэмж хийн зөөлөн гал дээр буцалгаад л боллоо. Энэ шөл шингэц хурдан байдгаас гадна тун ч сайхан амттай болдог байна.