Цаг үеийн мэдээ

Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Даваанямтай ярилцлаа.

-Гадаадын иргэн, харьяатын газар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын нэг. Энэ албаны чиг үүрэг, онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?

-Манай байгууллага 1994 онд Засгийн газрын 107 тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гадаадын иргэний асуудал эрхлэх зөвлөл нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 2001 онд Гадаадын харьяатын асуудал эрхлэх алба, УИХ-ын 43 дугаар тогтоолоор 2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болж өргөжсөн. 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс “Хилийн боомтын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх чиг үүргийг, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газартай нэгтгэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн ерөнхий газар гэх бүтэц, зохион байгуулалтын өөрлчлөлтөнд орсон. Мөн Хилийн боомтын тухай хууль хүчингүй болсноор 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх үүрэг, Хил хамгаалах байгууллагад шилжсэнээр Гадаадын иргэн, харьяатын газар гэх одоогийн бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Манай байгууллага нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух, гадаадын иргэнд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, хяналт тавих, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат болх хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг хангуулах, эрх бүхий байгууллагад уламжлах, мөн гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх, гадаад улсын болон Олон улсын байгууллагын салбар төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг сунгах үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд 21 аймаг, хилийн 26 боомтод хяналт тавьж, төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

-Ямар бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг вэ? Албан хаагчдын ачаалал хэр байна вэ?

-Төв байгууллага удирдлага, зохион байгуулалтын долоо, орон нутаг, хилийн боомт хариуцсан долоо, нийт зохион байгуулалтын 14 нэгжтэй. Үүнд, орон нутагт Агаарын замын боомт хариуцсан газар, Баруун бүс, Хойд бүс, Зүүн бүс, Өмнөд бүс дэх газар, Дорноговь аймаг дахь газар, Баян-Өлгий аймаг дахь хэлтэс гэсэн зохион байгуулалтын нэгжтэй. Нийт 306 албан хаагчийн орон тоотойгоор Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд техник технологийн болон эдийн засгийн хөгжил, даяаршлын улмаас иргэний шилжилт, хөдөлгөөн дэлхий нийтийн хэмжээнд идэвхжиж байгаа. Үүнтэй холбоотой Монгол Улсад зорчих, түр ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөн, виз, визийн зөвшөөрөл хүсэх хүсэлт, оршин суух зөвшөөрөл олгох үйлчилгээ жилээс жилд өсч байна. Манай улсын хувьд оргил үе нь 2011-2012 он байсан. Жишээлбэл, 2011 онд албан хэргээр 29.4 мянга, хувийн хэргээр оршин суугч 27.1 мянга, 2012 онд 42 мянган гадаадын иргэнд зөвшөөрөл олгож байжээ. Энэ жилийн тухайд дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас хөл хорио тогтоож хилийн боомтуудыг түр хугацаагаар хаасантай холбоотой ажлын ачаалал харьцангуй бага байна. Хэвийн үед ачаалал их байдаг. Тиймээс албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх зорилгоор мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим үйлчилгээг нэвтрүүлэх, сайжруулах чиглэлд байгууллагын удирдлагаас анхаарч ажиллаж байна.

-Иргэд ямар үйлчилгээг цахимаар авах боломжтой вэ?

-2017 онд “Цахим immigration” зорилт дэвшүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг цахимаар хүлээн авч визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох цахим системийг үүсгэсэн. Тус оны аравдугаар сарын 3-наас эхлэн программын эхний хувилбарыг ашиглалтад оруулан 15 төрлийн визний хүсэлт, баримт бичгийн бүрдлийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж ирсэн. 2019 оны тавдугаар сараас эхлэн www.evisa.mn гэсэн хаягийг бүрэн нэвтрүүлж, хөгжүүлэлт хийж байна. Энэ хугацаанд 2887 аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч 2009 аж ахуйн нэгж байгууллагын 4915 гадаадын иргэний визийн зөвшөөрлийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэсэн байна. Үйлчлүүлэгчдийн хувьд урьд нь заавал манай байгууллагад биеэр ирж бичиг баримтын бүрдлээ нэг бүрчлэн авчрах, эргээд хариугаа ирж авах зэргээр нааш цааш явж, цаг хугацаа их үрдэг байсан. Энэ бүхнийг хялбарчилсан үйлчлүүлэгчдэд ээлтэй, эерэг ажил болсон.

-Хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг хил, хяналтын байгууллагуудын нэг учраас албан хаагчдын хувьд гэр орноосоо хол хилийн боомтод томилогдож ажиллах шаардлага гардаг байх. Боомт орон нутагт ажиллаж буй албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлд хэрхэн анхаардаг вэ?

-Төв байгууллага захиргааны болон үйлчилгээний 180 албан хаагчтай. Үлдсэн албан хаагч нь орон нутаг, боомтуудад ажилладаг. Улсын хэмжээнд 26 хилийн боомтод нэг ээлжинд 50-60 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. 2010 онд шинэчлэн батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд албан хаагчийг гэр орноосоо хол, алслагдсан хилийн боомт, орон нутагт ажиллах хөшүүрэг, нийгмийн баталгааг хангасан заалтыг оруулсан. Энэ хуулийн 43 дугаар зүйлд хилийн боомт, орон нутагт ажиллаж буй гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид таван жил тутамд мөнгөн урамшуулал олгохоор заасан нь албан хаагчийг хилийн боомт, оррон нутагт тогтвор суурьшилтай ажиллах их үр дүнтэй системийг бий болгосон нь одоо амьдрал дээр мэдрэгдэж байна.

Мөн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах, тав тухтай орчинд амьдрах боломжийг дээшлүүлэх зорилгоор хилийн боомтуудад орон нутгийн болон улсын төсөв, гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагын дэмжлэгээр ажил, амралтын байрыг барьж ашиглалтад оруулсан. 2009-2010 онд Өвөр Монголын Нийгмийн аюулаас хамгаалах яамны Дотоодыг хамгаалах тэнхимийн тусламжтайгаар тухайн үеийн ханшаар 131.1 сая төгрөгийн өртөг бүхий ажил, амралтын зориулалттай барилгыг Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Говь-Алтай аймгийн Бургастай боомтод барьж, ашиглалтад оруулсан бол орон нутгийн болон байгууллагын хөрөнгөөр Дорнод аймгийн Эрээнцав, Хөвсгөл аймгийн Ханх, Сүхбаатар аймгийн Бичигт боомтод албан хаагчдын амрах, амьдрах байрыг шийдвэрлэж байсан. 2018 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын хөрөнгө оруулалтаар 600 сая төгрөгийн өртөг бүхий хоёр давхар 510 ам.метр байрыг ашиглалтад хүлээн авч Зүүн бүс дэх газар маань байрлан ажиллаж байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган боомтод орон нутгийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгийн өртөг бүхий албан хаагчдын амьдрах байрны барилга баригдаж байна. Мөн Өмнөговь аймаг дахь Өмнөд бүсийн газрын барилгын төсөв хөрөнгийг шийдээд эхлүүлэх байсан ч цаг үеийн байдлаар хүлээгдээд байна. Ер нь ОХУ-тай хил залгаа, алслагдсан цөөн тооны боомтоос бусад нь ая тухтай, ажиллах амьдрах байраар хангагдлаа. Бид цаашид ч шат дараатайгаар шийдвэрлэх болно.

-Хүүхдийн цэцэрлэгийн асуудал олон хүний “толгойн өвчин” болдог. Харин танай байгууллага дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулжээ. Энэ талаар?

-Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг байгуулсан. Манай төв байгууллагын “Б” байранд гадаадын иргэнийг саатуулах байр байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв баривчлах байр руу шилжүүлэх хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулсан. Санал дэмжигдсэнээр тус байранд засвар хийж, тохижуулан гуран бүлэг бүхий хүүхдийн цэцэрлэг байгуулсан. Энэ цэцэрлэг нь ХУД-ийн 223 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд багш, ажилтны цалин хөлс, урсгал зардал, хувьсах зардлыг төр хариуцан ажиллаж байна. Цэцэрлэг 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогоор 100 гаруй хүүхэд хамрагдаж байгаа. Энд манай байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдээс гадна Архивын ерөнхий газар, ШШГЕГ-ийн 401 дүгээр хорих анги- Шүүхий шийдвэр гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн албан хаагчдын хүүхэд болон ойр орчмын хүүхдүүд сурч, хүмүүжиж байна.

-2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт танай байгууллагын чиглэлээр ямар зорилтууд тусгагдаж, хэрэгжилт нь ямар байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай байгууллагатай хамаарал бүхий зургаан асуудал тусгагдсан. Бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтөөс хамааран нэг асуудал нь Хил хамгаалах байгууллага болон Цагдаагийн байгууллага руу шилжсэн. Тус хөтөлбөрт гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, бүртгэх журам, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журам, Монгол Улсын виз олгох 2010 оны 338, 339, 340 дүгээр журмыг цагийн үеийн шаардлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудал тусгагдсан. Эдгээр журмыг 2017 онд Засгийн газрын тогтоолоор шинэчлэн, дагаж мөрдөн ажиллаж байна. Мөн зарим үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлсэн. Эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хэсэг байгуулагдаж зохих судалгаа шинжилгээг хийж, төслийг бэлэн болгосон. Энэ төсөл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар дэмжигдэн, одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Ерөнхийдөө төлөвлөсөн ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй.

-Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Гадаадын иргэн, харьяатын газар хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг хил, хяналтын байгууллагуудын нэг. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-УОК-ийн шийдвэрээр ихэнх боомт хаагдсан. Баянхошуу боомт газрын тос нэвтрүүлэх зорилгоор ажиллаж байсан ч энэ сарын 4-нөөс түр хугацаагаар хаагдсан. Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцат суурь, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор Олон улсын ачаа тээвэр хийгдэж, албан хаагчид үүргээ гүйцэтгэж байна.

-Монгол Улсад хэд орчим гадаадын иргэн оршин суудаг вэ. Хөл хорио тогтоосны улмаас эх орондоо буцаж чадахгүй, гацсан хүмүүст ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна?

-Тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар манай улсад түр ирэгч болон оршин суух зөвшөөрөлтэй 120 улсын 19 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна. Хөл хорионы улмаас гацсан иргэдийн асуудлыг холбогдох хууль тогтоомж, УОК-ын шийдвэр, олон улсын гэрээ хэлэлцээрт заасан зарчмын дагуу зохицуулалт хийн ажиллаж байна. Жишээлбэл, БНСУ иргэдийн визний хугацааг сунгах, урд хөршөөс визтэй орж ирсэн иргэдийн визийн хугацааг хуууль, тогтоомжийн дагуу нэг удаа 30 хоногоор сунгасан. Мөн Замын-Үүдийн автозамын боомтоор УОК-ын шийдвэрээр БНХАУ-ын 171 иргэнийг Монгол Улсын хилээр гаргах ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Мөн тусгай үүргийн 12 удаагийн нислэгээр 41 улсын 766 гадаад иргэнийг Монгол Улсаас гаргасан.

-Иргэдийн дунд БНХАУ-ын иргэд оршин суух зөвшөөрөлгүй, нэр хаягаа өөрчлөн амьдарч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэдэг. Ийм зүйл байх боломжтой юу?

-Төртэй, хуультай улсад ийм юм байх боломжгүй Монгол Улсын хилээр орох, гарах зорчигчдын хөдөлгөөнд хилийн шалган нэвтрүүлэх алба, тусгай чиг үүрэгтэй бусад байгууллагууд хамтран ажиллаж, хяналт тавьдаг. Тодорхой хугацаагаар ирсэн, визний хугацаа хэтэрсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэднийг олж илрүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх, албадан гаргах чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлэн ажилладаг. Хууль, хяналтын бусад байгууллага ч чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьдаг. Ямар нэг улсын хилээр дуртай нь орж ирээд, уусан шингэчихдэг юм байхгүй.

-Танай байгууллагын зүгээс иргэд, олон нийтийг мэдээллээр хангах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Иргэдэд нээлттэй байх, үнэн зөв, бодитой мэдээллээр хангах зорилгоор 1800-1882 дугаар бүхий “Мэдээллийн төв” ажиллуулдаг. Тус төв нь дөрвөн албан хаагчийн батлагдсан орон тоотой, ажлын өдрүүдэд ажиллана. Тус утсанд хандан хувь хүний болон байгууллага, төрийн нууцаас бусад асуудлаар мэдээлэл авах боломжтой. Мөн веб сайт, цахим хуудас ашиглан олон нийтийг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлдэг.

- Ярилцсанд баярлалаа 

Таны сурталчилгаа