Байгалиас заяасан гоо сайхнаа арчилж тордон, үргэлж сайхан, үзэсгэлэнтэй харагддаг бүсгүйчүүд олон. Тэдгээр бүсгүйчүүдийн гоо сайхны бяцхан жороос хуваалцдаг “Миний жор” буланд Хөтлөгч Н.Ундралын гоо үзэсгэлэнтэй байх жороос танилцуулья.
АРЬСАА АРЧЛАХ ЖОР
Н.Ундрал хуурай арьстай учир арьсандаа сайн чийг өгөх чанартай тос түрхэхийг хичээдэг. Мөн чийгшүүлэгч салфеткан маск тогтмол тавьж, арьсныхаа тослогийг тэнцвэржүүлдэг байна. Мөн тэрээр мөсөн жингийн үнэнч фэн. Уншигч та бүхэн хуурай арьсыг мөсөөр арчих нь улам их хуурайшуулах биш үү хэмээн гайхах байх. Харин Н.Ундрал долоо хоногтоо 1–2 удаа мөсөөр нүүрээ арчдаг. Мөсөөр нүүрээ арчсанаас цаг гаруйн дараа тэжээлийн тосоо түрхэж, арьсандаа сайн чийг өгдөг байна. Мөсөн жин арьсны тослогийг тэнцвэржүүлж, арьс чангалж, өнгө нэмж гэрэлтүүлдэг олон талын ач тустай.
Үнэртэн уруулын будагны хорхойтон:
Бүсгүй хүн бүрт мөнгө хайрлахгүй авч байж санаа амардаг зүйлс заавал байдаг. Тэгвэл Н.Ундралын хувьд өөрт таалагдсан сүрчиг болон уруулын будгийг авч байж санаа амардаг гэнэ. Тэрээр хурц биш зөөлөн сэнгэнэсэн үнэртэй сүрчигт дурладаг.
Санамж:
Тэрээр бүсгүйчүүдийг хэн нэгний үгээр гоо сайхны бүтээгдэхүүний сонголтоо бүү хийгээрэй хэмээн зөвлөж байна. Учир нь хүн хүний арьсны онцлог, бүтэц өөр учраас “сайн” хэмээн зөвлөсөн бүхэн арьсанд тань таарахгүй. Бусдын зөвлөгөөгөөр үнэтэй авсан ч таараагүй зүйлс сэтгэл санаа, санхүүг хямраах сөрөг үр дагавартай юм. Тиймээс өөрийн арьсаны онцлогоо сайтар мэдэж, гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрөө сонгоорой. Хэрэв сонголтоо хийж чадахгүй бол мэргэжлийн гоо сайханчаас тусламж авахыг зөвлөлөө.
ЖИНГЭЭ БАРИХ ЖОР
Түүний жингээ барих нэг жор нь дугуйн спорт гэнэ. Дугуй унаснаар жингээ бариад зогсохгүй хэвлий, гуя хэсгийн булчинг чангалж өгдөг давуу талтай. Мөн стресс, сэтгэл гутралыг эмчлэх нууц чадвар ч дугуйн спортод бий.
Н.Ундрал дугуйн спортоор хичээллэж эхэлснээс хойш жин нэмэх асуудал гараагүй байна. Гэхдээ зарим үед иддэг хэмжээнээсээ хэтрүүлчихээр жин нэмэх гээд байдаг онцлогтой учраас аль болох хоолоо тааруулж идэхийг хичээдэг. Гэхдээ тэрээр хоолоо хэзээ ч сойж байгаагүй бөгөөд эрүүл хооллох дүрмийг зөв баримтладаг гэнэ. Мөн өглөө бүрийг хоёр аяга цэвэр ус ууж эхлүүлдэг байна.