Цаг үеийн мэдээ

      Төрийн соёрхолт, МУГЖ Догмидын Сосорбарам. Монгол хүн бүрийн мэдэх боловч, харин таних аргагүй нэг тийм "сонин" ертөнц.  Өвөө эмээ дээрээ өссөн айлын ганц хүүхэд тэрээр эрх дураар өссөн нэгэн. Өөрийг нь "хардаг" байсан эгчийгээ уйлуулчихаад сууж байдаг аашны хөрөнгө байж.  Өөрийн амьдралыг өөрийн гараар босгодог эр хүний ёсоор өвөө аав нь түүнийг хуримлахад өөрөөр нь эсгий зулуулж, амьдрах гэрийг нь бэлдүүлж байжээ. Түүнтэй нэг насны амьдралаа холбосон гэргийг нь Б.Нинжбадгар гэдэг. Гэргий Б.Нинжбадгар ханьтайгаа адил жүжигчин мэргэжилтэйг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй.  

Танилцсан түүх

Хос хоёрыг урлаг холбосон аж. Анх Б.Нинжбадгар жүжигчний ангид шалгалт өгч байхад Д.Сосорбарам төгсөх курсын оюутан байсан гэдэг. Шалгалтаас гарч ирсэн хүүхдүүд "ингэж, тэгж шалгаж байна" хэмээн хөл хөөрцөг болж байх үеэр анх нэг нэгнээ олж харжээ. Төгсөх анги учраас мэргэжлийн уншиж, судалсан зүйл ихтэй, Орос хэлэндээ дориун сайн байсан тул Нинжээдээ тусалж явсаар бие биедээ дасжээ.  Нинжээгийн найз охинд Сосорбарамд нь тийм ч таатай хандахгүй, "сонин хар юм" хэмээн шүүмжилнэ. Гэвч гэргий нь хүний үгийг биш зүрх сэтгэлээ дагасан нь өдгөө өнөр өтгөн, урт удаан амьдралын эхлэлийг тавьжээ.

   

Хоёр биенээ "ээж", "миний хүү" хэмээдэг ховорхон хосууд

"Бүх л бүтэн жилийн туршид ааш нь олдоггүй нэг тийм хүнтэй хар нялхаасаа ханилсан сайхан ариун үнэнч тийм л хүн бол миний гэргий".

Д.Сосорбарам ханиа "ээж" гэж дууддаг бол хань нь түүнийг "Миний хүү" хэмээдэг аж.  Ярилцаж тохироогүй ч нэг л мэдэхэд хоёр биенээ ингэж дууддаг болжээ. Энэ хэл ярианы хэлбэр төдий зүйл биш, бие биедээ хандаж байгаа хандлагийн нэг илрэл хар аяандаа ингэж дуудахад хүргэсэн болов уу хэмээн алдарт жүжигчин маань өгүүлж байна.  Тэдний гэрт бие биедээ итгэсэн эрх чөлөө дүүрэн амьдрал бий аж.

"Хайрыг хөлдөөхгүйн тулд эрх чөлөө ээл дулаан нь болдог. Эрх чөлөөг гандаахгүйн тулд хайр нь хур шим нь болж байх учиртай. Би энэ филисофийг ягштал баримталдаг. Миний эхнэр надаас хараат байх хүн биш."

Түүний хайртай цуглуулга Үзэг

      

Түүний дотны анд бол үзэг. Түүний цуглуулгад 60 орчим үзэг бий гэнэ. Тэр үзгүүд бүгд өөр өөр улс орноос авч ирсэн эсвэл хэн нэгэн дурсгасан тун ховор эдүүд. Дэлхийд нэн ховор үзэг ч бий. Тэрээр өдрийн тэмдэглэлээ сэтгэлд нийцсэн үзгээрээ өнгө өнгөөр бичнэ. НҮБ-ын үзгээс эхлээд дэлхийн алдартай сод суут хүмүүсийн нэрээр тоотойхон хийгдсэн үзгүүд бий гэнэ. Мөн түүний нэгэн сонирхолтой цуглуулга нь хайрцаг. Явсан, аялсан газар бүрээсээ  сонин содон хайрцаг цуглуулж явсаар гэрт нь хайрцаг шиг их юм байхгүй болсон гэнэ. Тамхины, шоколадны, цагны зэрэг олон төрлийн хайрцагны арвин цуглуулгатай.

"Өрхийн тэргүүн гэрээ ингэж авч явах ёстой гэсэн загварт дургүй.  Манай гэргийн санхүү, хүнс алив бүх юмыг миний гэргий л мэддэг. Тийм ч байх ёстой. Харин эр хүн гэр бүлээ тавтай дулаахан, ааш авиргүй, хамгаалалттай байлгах ёстой."

Таны сурталчилгаа