Цаг үеийн мэдээ

             “Хүний мөс их муудаж байна даа” хэмээх үгс сүүлийн үед их л сонсогдох болж. Ер нь “хүний мөс” гэж юу юм бол? Хүнд заавал байх ёстой “эрхтэн” юм болов уу? Тийм бол хүмүүн заяаг олсон хүн бүр л эхээс төрөхдөө ижилхэн “мөс” хэмээх нэгэн дотор эрхтэнтэй төрөх биз. Харин тэрхүү “мөс”, сэтгэл хэмээх уудам ертөнцөд тодорхой орон зайг эзлэн орших ч зөвхөн цэвэр ариунаараа оршоод байдаггүй бололтой. 

            Тэгвэл хүний “мөс” хайлаад дуусахаар яадаг юм бол? Зайлшгүй чухал тэр эрхтнээсээ хагацчихвал хүн бид яах вэ? 

            Эрдэнэстэй ч зүйрлэмгүй тэр чухал эрхтэн мөс гээч нь харин бидэнд хэр үлдсэн юм бол доо? Эсвэл хайлаад дуусчихсан юм болов уу? Бодоод байх нь ээ, сэтгэл доторхио онгичоод нэг үзвэл чамгүй хайлж, нимгэрсэн мэт мэдрэмж төрөх чинь юу билээ? Чухам юу ингэтлээ цоожтой авдар мэт сэтгэлд минь нэвтэрч ахиж олдох нь бэрх мөсийг минь хайлуулна вэ? 

            Энэ цаг болоод ирж байгаа нийгмийн харгис хатуу, цаг үетэй уралдсан их л барьцгүй амьдрал минь юм болов уу? Жаахан зүйлд л баярлан догдолж хөөрдөг багын гэнэн сэтгэл минь ихэд хувирчээ. Дэргэд минь дуу алдам, гайхам сайхан үйл явдал өрнөхөд толгой дохихын төдий инээх, ярвайхын хооронд хардаг болж. Танил бүсгүй хаа нэг тааралдаж, зовлон шаналалаа ярин нулимс унагахад их л өрөвдсөн төрх байдлын цаана “Байдаг л зүйл” хэмээх үл тоомсорлол цухалздаг болж.  Хэзээ, хэн, юу биднийг ийм болгосныг бодоод олсонгүй. Магадгүй таарах бүртээ орчлонгийн зовлонг хаман тоочих танил минь хорвоогийн гашууныг үзэх үзлийг минь ийм хямдхан болгочихов уу? Маргааш өгнө гэж зээлсэн мөнгөтэйгээ адил усанд хаясан чулуу мэт алга болчихдог увайгүй нэгний итгэлгүй зан уу? Итгэж, эвлэж найзалж  явсан багын анд  бусадтай нийлэн амьдралын эрээн бараан асуудлаар минь зугаа хийж, ам хэлээ билүүдчихдэг хоёр нүүртний хорлонтой зан уу? Аль эсвэл өдөр тутамд сонсдог зүрх зүсэм аймшигт хэргүүдийн сэртхийлгэм мэдээллийн хуримтлал сэтгэлд багтаж дийлэлгүй хоорондоо үрэлцэж мэрэлцсэнээс ассан хорсол, бухимдлын гал  “мөс”–ийг минь бага багаар эмлэн хайлуулж байна уу? 

            Хүн чанарын илэрхийлэл нинжин сэтгэлийг минь бузар хуурмагаас хамгаалах “мөс” минь хайлан нимгэрэх бүрт хүн чанар адилхан нимгэрсээр…

Дорд амьтнаас ялгарах хүн хэмээх тодорхойлолтод багтаан буй өрөвдөх, хайрлах өр зөөлөн чанар алдагдаж гээгдсэн нь энгийн зүйлсээс илрэх нь аймшигтай.  Хол газрыг туулан бариандаа үүрсэн ирэх адгуусыг харан хамрын самсаа шархирдаг мөртлөө харгис нөхөртөө зодуулан тэмтчих хөөрхий эмэгтэйг “хохь чинь” хэмээн зүхнэ. Нохойн нялх гөлгийг хошуу цорвойн илбэдэг мөртлөө хоолгүй хоносон хөөрхий халтар хүүг хөөж туугсад энэ орчлонгоор дүүрэн. 

            Хүн хүнээрээ байхын тулд дотоод сэтгэлийн гэрэл гэгээгээ дэмжиж, сэтгэлийн гэрэлд гялтагнаж байдаг “мөс”–өө л хайрлах ёстой аж. Хүний “мөс” хэмээх танд заавал байх ёстой тэр жижигхэн эрхтэн зөвхөн бусдыг хайрлах нандин сэтгэлээр л хамгаалагдана. Бяцхан тэр “мөс” өсөх наснаас тань өтлөх хүртэл хангалттай хүрэлцэх ч амин хувиа хичээсэн хайхрамжгүй ГАНЦ ҮЙЛДЭЛ  түүнийг мэлмэртэл хайлуулах болно. Үргэлж санаж яв!

 

Сэтгүүлч У.Дашбат

 

 

Таны сурталчилгаа