Gucci, Balenciaga зэрэг брэндүүдийг эзэмшдэг "Kering" группийн гаргасан 2020 оны эхний улирлын тайлангаас харахад коронавирусний цар тахлын улмаас группийн борлуулалт 15,4 хувь буурчээ. Зарим брэндүүд бүтикүүдээ хаасан төдийгүй бүхэлдээ улс орнуудад жуулчдын хөдөлгөөн багассаны улмаас ийм үзүүлэлт гарсан байна.
"Kering" группийн захирал Франсуа-Анри Пино энэхүү нөхцөл байдлыг "урьд хожид үзэгдээгүй" хэмээн тодорхойлсон ч бизнесийнхээ ирээдүйд бат итгэлтэй байгаагаа онцолсон юм. "Шинэ оныг бид маш өөдрөг эхлүүлсэн ч Covid-19 халдварын улмаас үзүүлэлтүүд ийнхүү буурлаа. Гэхдээ Kering группийн бат бөх санхүүгийн бүтэц болон үйл ажиллагааны уян хатан чанар хүнд нөхцөл байдлыг даван туулахад тусална" хэмээн Пино мэдэгдсэн билээ.
Gucci брэндийн борлуулалт 22,4 хувь, мөн Saint Laurent брэндийнх 12,6 хувь буурсан байна. Харин энэ оны хамгийн тренди брэндээр нэрлэгдээд буй Bottega Veneta-гийн борлуулалт эсрэгээрээ өсчээ. Дэлхийн загварлаг бүсгүйчүүд карантиныг үл тоомсорлон тус брэндийн "банш" хэлбэрийн гар цүнх болон өсгийтэй сандаалуудыг худалдан авсаар байна.