Цаг үеийн мэдээ

Боловсролын үнэлгээний төвөөс бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд сургалтын хөтөлбөр болон үнэлгээний зорилгод нийцүүлэн даалгавар боловсруулж, нээлттэй цахим даалгаврын санд байршуулснаар сургууль, багш, сурагчдын хүрээнд нээлттэйгээр ашиглах боломж бүрдсэн байдаг.

Өнөөдрийг хүртэл нээлттэй даалгаврын санд байршсан даалгаврын тоо нь хангалттай бус байсан тул даалгаврын тоо, чанарыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор “Сайжруулсан сургалтын хөтөлбөр”-ийн агуулгад нийцүүлэн хөгжүүлэх, баяжуулах шаардлага үүссэн.

Боловсролын үнэлгээний төв нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” MON3594 төслийн санхүүжилтээр 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Нээлттэй даалгаврын санг хөгжүүлэх” ажлыг ЕББГ 2019/421 тоот гэрээний дагуу амжилттай гүйцэтгэлээ.

Нээлттэй даалгаврын санд байршсан даалгаврын нөөцийг үндэслэн шинээр боловсруулах шаардлагатай даалгаврын тоог судлагдахуун, агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт, даалгаврын хэлбэр тус бүрээр тодорхойлж шинээр зохиох даалгавруудын агуулгын блюпринтийг боловсруулсан.

“Нээлттэй даалгаврын санг хөгжүүлэх” ажлын хүрээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд 45 даалгавар боловсруулагч нар 23 судлагдахууны 11677 даалгаврыг боловсрууллаа. Нийт 26 эксперт эдгээр 11677 даалгаварт шинжилгээ хийн даалгавар боловсруулагч нарт зөвлөмж өгч, засч сайжруулан нээлттэй даалгаврын сангийн програмд бүртгэн оруулах ажлыг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ашиглахад бэлэн болголоо.

Ингэснээр сурагчдын боловсролын түвшинг 5, 9, 12 дугаар ангиудад үнэлэхэд чиглэсэн хөндлөнгийн үнэлгээний найдвартай, бодитой систем бий болгох, хөгжүүлэхэд томоохон ахиц гарлаа.

Таны сурталчилгаа