Урлаг урлагийн дотроос хамгийн гайхалтай нь сонгодог урлаг гэвэл маргах хүн цөөн биз. Сэтгэл хөдлөл, амьдралын нарийн нандин бүхнийг уян налархай биеийн хэлэмжээр илэрхийлж, бусдад урлагийн их таашаал өгнө гэдэг онцгой мэргэжил. Хүссэн мэргэжлээ эзэмшиж, түүнийхээ эзэн нь болж яваа, тод үзэсгэлэнт нэгэн "ертөнц" болж МУГЖ, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын гоцлооч Отгонтөгсийн Анужин.
Зө.мн: Амжилт бүхний ард шаргуу хөдөлмөрч зан, тууштай байдал, амьдралын үнэт зүйлсийн алив нэгнээс татгалзаж чадах агуу тэвчээр оршиж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ л урлагт анх хөл тавих тэр сэдэл хаанаас эхтэй вэ?
О.А: - Балетын урлагийг сонгохоосоо өмнө би бүжигт дуртай бяцхан охин байлаа шүү дээ. Зургаан настайдаа би Плехановын сургуульд орж суралцсан. Тэнд суралцаж байхдаа орос бүжгийн хамтлагт бүжиглэдэг байлаа. Хөгжим бүжгийн сургуульд орохдоо Орос хэл, бүжигт маш их дуртай, тайзан дээр гарах сонирхолтой охин байсан. Улмаар ХБК-д элсэн орж балетын урлагтай эргэлт буцалтгүй холбогдсон доо. Надад нэг дурсамж байдаг юм. Хаврын сүүл, зуны эхэн сар гарчихсан, хүүхдүүд гадаа тоглоод л. Гэтэл балетчин болохоор хичээллэж буй бидний хэдэн хүүхдүүд том цонхны цаана палк дээрээ зогсоод л санаа алдаад л дасгалаа хийнэ. Сэтгэл санаа гадаа тоглож байгаа хүүхдүүд дунд л өнждөг байлаа /инээв/.
БАЛЕТЫН УРЛАГИЙГ СОНГОСОН ХҮН "ХҮҮХЭД НАС" ГЭХ ЦАГ ХУГАЦААГ АЛГАСЧИХДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
Зө.мн: Балетын урлаг хүний сэтгэл болоод бие галбирын гоо сайхныг төлөвшүүлж, чигч шулуун төлөвшсөн бие хүнийг бүтээж бий болгодог ч чанадын дотоод руу нь нэвтрээд үзвэл дэндүү харгис урлаг мэт санагддаг. Бага наснаас бэлтгэгдэх ёстой болоод ч тэр үү жаахан охид хөвгүүд биеийн асар их ачаалал өвдөлтийг тэсвэрлэж байж сая уран бүтээлч болдог байх?
О.А: - Тийм шүү, та яг онож хэллээ. Балетын урлаг үнэхээр гайхамшигтай төгс төгөлдөрийг шаарддаг урлаг. Гэвч төгс төгөлдөр гэдэг нь хөшигний ард ямар ч алдаа гаргах эрхгүй, ядрах, өвдөх гэдгийг үл хүлээн зөвшөөрөх тийм л ухагдахуун юм. Миний хувьд 10 настай байхаасаа л цагийн хуваарь, шахуу дасгал хөдөлгөөн, хичээл номоо аль хэдийнэ зохицуулах сурчихсан байсан. Миний сайнд ч биш юм. Энэ урлаг ийм байхыг шаарддаг. Өглөө 10 цагт дасгалдаа ороод 11 цагт таруутаа театр руугаа очиж 11.40 цагт мөн бүжгэн жүжгийн сургуулилтдаа орно. Хоцорч болохгүй, учир нь театрын ах эгч нар биднийг хүлээгээд байж байдаг байлаа. Ингээд сургуулилт дуусуут эргээд 13.00 цагаас эхлэх ХБК-ийн хичээл рүүгаа гүйнэ. Дунд нь хоол цай идэх ч цаг гарахгүй, яаран сандран гүйсээр өдөр өнгөрдөг байсан санагдана. Дөнгөж анх каски өмсөхөд хөл маш их цэврүүтнэ, өвдөг шалбарна, хөл гар бие хөхрөөстэй явна. Их хоол идвэл "үнээ шиг таргаллаа гэж загнуулна" шүү дээ /инээв/. Би бусад хүүхдүүд шиг зусланд ч явж үзээгүй. Ер нь урлаг тэр дундаа балетын урлагийг сонгосон хүн "хүүхэд нас" гэх цаг хугацааг алгасчихдаг юм шиг санагддаг. Гэхдээ энэ бүхэн шантрах асуудал биш ээ. Энэ урлагт л нэг л орсон бол татгалзах шалтгаан олдохгүй сайхан мэргэжил шүү дээ.
"ЧИ ГАЛЗУУРЧ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ЯАЖ ТЭР ДҮРИЙГ БҮТЭЭХ ВЭ?"
Зө.мн: Балетыг чи сонгодоггүй, харин балет чамайг сонгодог хэмээх үг бий. Тасралтгүй шаргуу хөдөлмөр, бэлтгэл сургуулилт, хүчин чармайлтын үр дүнд өөрийгөө бяцхан "тоох" үе мэдээж бий байх. Таны хамгийн их дурладаг дүр хэн бэ?
О.А: - Мэдээж хэрэг надад оногдож буй бүхий л дүрийг асар их хөлс хүч урсгаж байж тайзнаа амьдруулдаг. Бид зөвхөн "сайн бүжиглэлээ" гээд өөртөө дүн тавьж чаддаггүй. Биднийг үзэгчдийн халуун алга ташилт л үнэлж цэгнэж байдаг. Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулж тасалбар аваад зорин ирж байгаа үзэгчдийг сэтгэл ханамж дүүрэн тайзнаас үдэн гаргах нь бидний үүрэг байдаг. Тиймээс дүр бүхэн л үнэ цэнэтэй, дүр бүхэн асар их судалгаа шаарддаг. Би багшдаа "Жизельд" тоглох дуртайгаа хэлтэл "Чи галзуурч үзээгүй байж яаж тэр дүрийг бүтээх вэ?" гэж надаас асуусан. Үнэхээр маш их зүйлийг бодогдуулсан даа. Тиймээс аливаа дүрд хийсвэр хандаж болохгүй. Тэгвэл тэр дүр тайзнаа амилахгүй. Жишээ нь хунгийн дүрд бүжиглэх бол хун далавчаа хэрхэн дэвдэг, хун хэрхэн унтдаг, уснаас гарсан хун ямар байдаг гэдэгчлэн маш их судалгаа, мэдрэмж, ажиглалт явагдана.
Зө.мн: Таны хувьд 4 жилийн өмнө БНСУ-д болсон “А” зэрэглэлийн тэмцээнээс хүрэл цом хүртэж Монголын сонгодог урлагт нэгэн шинэ түүх бичиж байсан. Мөн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан олон улсын балетын наадмаас гранпри хүртэж бас нэгэн онцлох түүх бүтээсэн шүү дээ.
О.А: - Монголд анх удаа зохион байгуулагдсан олон улсын балетын тэмцээн гэдгээрээ онцлог байсан. Улс орон бүр балетын олон улсын тэмцээн байгуулаад байдаггүй. Уг уралдааныг балетын олон улсын уралдааныг шүүдэг есөн шүүгч шүүсэн. Манай улсад ирж буй олон улсын балетын наадмын анхны гранпри. Тэр утгаараа маш их бэлгэшээлтэй, бас хариуцлагатай том шагнал байсан. Ер нь тэмцээнд түрүүлэх гэж биш юу чаддагаа сорьж оролцох сайхан байдаг.
Зө.мн: Эрсдэл ихтэй, хариуцлагатай чанга хатуу мэргэжил сонгосон охиноо аав ээж нь хэр дэмждэг вэ?
О.А: - Нэг дурсамж санаанаас гардаггүй юм. Анхны гол дүрд гарах үдэш хоёр хөл цэврүү үсрээд идээлчихсэн байсан. Хөлийг аав минь цэвэрлэнэ. Орой болгон хөлөө усанд дүрээд цэвэрлүүлээд л боогоод унтана. Тэр аймаар цэврүү, идээг цэвэрлүүлээд гүрийж байгаа охиноо хараад аав минь "охины минь оронд миний хөл ингэсэн болоосой" гэж билээ. Өдөржингөө хоол ундгүй гүйсээр орой ядраад ирэх охиндоо ээж минь хоол бэлдчихээд хүлээж л байна. Орой ирээд ээждээ "өнөөдөр хоол идэхээ мартчихсан байжээ" гээд хэлэхээр загнуулна шүү дээ /инээв/. Ээж минь заримдаа "Охиндоо дэндүү хэцүү мэргэжил сонгуулчихаж дээ" гэдэг юм. Гэхдээ сайн сайхан үр дүнг нь үзээд энэ бодол нь нимгэрч байгаа байхаа.
Зө.мн: Балетчидыг гэмтэл бэртэл мөр даран дагаж байдаг гэдэг юм билээ. Хүнд бэртэл авч байсан тохиолдол бий юу?
О.А: - Ер нь тайз маань их хүйтэн байдаг болохоор бүжигчид хоолой, бөөр ходоодны өвчлөлд өртөмхий байдаг. Мөн шагай, шилбэний яс болон зөөлөн эд, шөрмөсний бэртэл их авдаг. Миний хувьд гол дүр авчихсан, мөн төгсөх шалгалт давхцсан үед шагайн хажууд өвдөөд л байсан юм.
Би ч нэг их анзаараагүй, бэлтгэлээ хийгээд улмаар шалгалтаа амжилттай өгсөн. Тэгээд ээжийн шахалтаар гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл завин яс хугарсан байна гэж хэлсэн. Ядаж байхад би өсгийтэй гутал өмсчихсөн байсныг хэлэх үү, эмч шууд загнасан. "Наад өсгийтэй гутлаа тайл, хөлийг чинь гипстэнэ" гэхэд нь "үгүй гипстүүлэхгүй" гээд л зүтгэчихсэн. Учир нь би гол дүр авчихсан байсан болохоор мөн хамт олныхоо тэр их хөдөлмөрийг үрэн таран хийхийг хүсээгүй. Мөн гипс зүүгээд гэртээ зүгээр хэвтэхийг хүсээгүй. Тэгээд л эмчээсээ гуйж байгаад л эм бичүүлээд явсан даа. Хөлийн яс удалгүй сайхан эдгэрсэн.
Зө.мн: Балетын урлаг зөвхөн гоо үзэсгэлэн, эрч хүч, залуу насыг шаардаж байдаг болохоор балетчид эрт тэтгэвэртээ гардаг байх. Таны хувьд энэ урлагт хөл тавиад чамгүй олон жилийг үджээ. Тэгэхээр ирээдүйн төлөвлөгөөг хэдийнэ боловсруулсан байх, сонирхож болох уу?
О.А: - Балетчид 20 жил бүжиглээд л тэтгэвэртээ гардаг. Миний хувь 10 жилийн дараа тэтгэвэртээ гарна. Энэ хугацаанд ямарч байсан ханатлаа бүжиглэнэ. Дараа нь балетынхаа төлөө ажиллана даа.
Зө.мн: Танд баярлалаа. Урлагийн Янжинлхам бурхан таныг өнөд ивээг.