Цаг үеийн мэдээ

 

Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35 км, Халхголын баруун эргийн тохойд монголчуудын соёл, түүхийн томоохон дурсгал болох “Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолбор байдаг. Эл цогцолборыг Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд бүтээлгэсэн гэдэг бөгөөд XVIII зууны дунд үеийн нүүдэлчид, гар урчууд, дархчуудын ур ухаан, ард олны хөлс хүчээр багагүй бэрхшээл туулж байж бүтээгдсэн түүхтэй.

       Их бурханыг бүтээхийн тулд Буйр нуурын болор элс, Халхголын хайрга, Хамар давааны цагаан тосон шаврыг барьцалдуулан чулуу үйлдвэрлэж, байгалийн зос будаг ашиглан элдэв өнгө бүхий чулууг бүтээж хийсэн ба тоосго үйлдвэрлэж байсан газрын туурь нь Халхгол сумын Баруун, Зүүн Халгайтын ойролцоох Хүүрт гэдэг газарт, вааран эдлэлийн үйлдвэр нь Цагаан уулын баруун урд байжээ.

 

      Жанрайсиг бурханыг бүтээх болсон шалтгаан нь XIX зууны дунд үед Сэцэн хан аймгийг бүхэлд нь нөмөрсөн байгалийн гамшиг, ган зуд удаа дараалан болсноос үүдэн мал сүрэг олноор хоргодож, ард олны амьдрал ихээхэн хэцүүдэж аймаг хошуудыг ядууралд хүргэх аюултай болсон байв. Жанрайсиг бурханы гол бэлгэдэл нь “аюул ослоос хамгаалдаг” хэмээдэг тул Монголын зүүн хязгаар нутгаас Манж-Хятадад алдах аюулаас сэргийлэн эх орныхоо бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах утгыг ч давхар агуулан бүтээлгэсэн хэмээн судлаачид үздэг.

      Ингээд чуулганы шийдвэрээр 12 тохой өндөр босоо зэс бурхан бүтээх байсныг То ван ихээхэн хөрөнгө үр ашиггүй үрэх ажил болно гэж үзээд тэгш налуу газарт чулуугаар товойлгон хийх хувилбарыг сонгож 2 га талбайг хамруулан олон бурхад болон суваргын чуулбар болгон бүтээхийг зорьжээ. 

       Их бурханыг бүтээх ажилд нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй хөрөнгө мөнгө хандивлаж 1859 оны хаврын тэргүүн сард газарт суурилуулах талбайг засаж тэгшлэх ажилд 40 хүн оролцож 1-3 метр гүнтэйгээр ухаж бэлджээ. Жанрайсиг бурханы дүр нь гадна талаараа 2 давхар тэгш өнцөгт хэлбэрийн чулуун хүрээтэй. Их хүрээ нь 220 х 97м, бага хүрээ нь 113 х 63м, хоёр хүрээний хооронд 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж урласан. Нэг ланз үсгийн хэмжээ 165 см х 110см байдаг бол их бурхан ба дотор хүрээ хоёрын хооронд 200 х 110см хэмжээтэй 12 чулуун суваргыг мөн хэвтээ байдлаар шигтгэн дүрсэлжээ. Гадна талын хүрээнээс дотогш ороход 5м голчтой 2 чулуун хоролыг товойлгон шигтгэсэн. Цогцолборын төвд 30 х 26м налуу талбайд “Найман аюулаас аврагч Жанрайсиг бурхан” байх ба өндөр нь 28.74м болсон нь 80 тохой илүү юм.

   

      Жанрайсиг бурхан 8 мутартай, мутар бүртээ 8 аюулыг илэрхийлсэн дүрстэй юм. Баруун талын эхний мутар арслан, хоёр дахь мутар заан, гурав дахь мутар лусын аюулыг илэрхийлсэн могой, дөрөв дэх мутар догшин хүний дүрстэй байдаг. Харин зүүн гар талын эхний мутар гал, хоёрдугаар мутар ус, гурав дахь мутар архины аюулыг илэрхийлсэн гох дэгээ, дөрөв дэх мутар гарьдын дүрстэй байдаг.  Жанрайсиг бурхан баруун хөлөө завилан, зүүн хөлөө хагас нугалж, 8 мутраа дэлгэн хадаг орхимжоор биеэ ороосон дүртэй юм. Бурханы хөлийн доод хэсгийн чулуун хүрээнд бад цэцэг товойлгон цохисон байх ба түүнтэй залгаа 44 х 26м мөргөлийн талбайтай.

Бурханы хоёр талын ханыг дагуулан 66 см өргөн чулуун шат тавьсан нь мөргөлчид бурхан дээр гишгэлгүй нар зөв тойрох боломжтой болгожээ. Жанрайсиг бурханыг тойруулан 20 гаруй Дарь эх бурханы дүрийг бүтээсэн байна.

       Хамгийн сонирхолтой нь Жанрайсиг бурханыг тойрон хүрээлэх бурхадын дүрийг бүтээхдээ чулууг хайлуулж хийсэн байдаг мэт боловч үүний нарийн учрыг тайлж чадаагүй байна. Урчууд бул хар чулууг ашиглан цалин цагаан мөнгөөр урлал хийж буй мэт уран нарийн сийлбэрлэж бүтээсэн нь гайхамшигтай ажээ.

Таны сурталчилгаа