Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, асрах чиглэлээр ажилладаг “Хүслийн ордон” цэцэрлэгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн Асуудал Хариуцсан Төслүүдийн Удирдагч Ш.Анхмаа танилцлаа. Тус цэцэрлэгт 50 орчим хүүхэд хамрагддаг бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь түр зогсоод байгаа аж.
Тус цэцэрлэгийг “Энэрэлийн түүчээ” ТББ үүсгэн байгуулж Герман, Швейцариас яг энэ чиглэлээр мэргэшсэн багш нарын багийг жил бүр урьж авчран амжилттай хамтран ажиллаж иржээ.
Тэд нийслэлийн олгосон 270м.кв талбай бүхий цэцэрлэгийнхээ бүхий л тохижилт, засварыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог, хэрэгцээнд тааруулан энэ чиглэлийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч тохижуулсан байна.
Цаашид “Хүслийн ордон” хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн хэвийн явуулах, нийслэлээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар тус цэцэрлэгийн хамт олонтой холбогдох албаны хүмүүсийн хамт ярилцсан юм.
Цаашид ийм төрлийн хүүхэд хөгжлийн төвүүдийг нийслэлээс бодлогоор дэмжих, хамтран ажиллах боломжуудыг судалж шийдвэрлэхийг Нийслэлийн ГБХЗХГ-ын дарга М.Мандуулд үүрэг болголоо.