Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдээс эхлэн Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр хүссэн номоо сонгон уншиж, Монголын түүх уламжлалаа мэдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүрэгт бий. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл номын өргөөнд зочилж, номын сангийн ажилчидтай уулзлаа.
Номын өргөөний давхар бүр өөрийн гэсэн онцлог, хэв маяг, зориулалттай. Тухайлбал, таван давхарт ахлах ангийнханд зориулсан, их дээд сургуульд сурахаар бэлтгэж буй сурагчид энэ хэсэгт ирж өөрт хэрэгтэй номоо сонгон уншиж, судална. Мөн энэ давхарт номын нээлт, арга хэмжээ, уралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулагдахад зориулагджээ. Дөрвөн давхарт шинжлэх ухаан, танин мэдэхүй, одон оронд сонирхолтой хүүхдүүдэд зориулж засаж тохижуулсан байна. Гуравдугаар давхар монгол зан ахуй, ёс заншлыг харуулсан, мөн цэцэрлэгийн багачуудад зориулсан танхим юм. Хүүхдүүд бие даан болон, эцэг эхтэйгээ хамтран уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой.
Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах боломжийг хангаж байгаа юм. Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан баррель ном, цахим хичээл зэрэг тэдэнд зориулсан тусгай ном, сурах бичгийг ч байрлуулсан байна.
Дэлхий нийтээр тархсан Covid-19 цартахлын дэгдэлттэй холбоотой хүүхдүүдэд зориулж цахим орчинд мэргэжлээ сонгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх чиглэлээр подкаст бэлтгэн хүргэж байна.
Хүүхдийн номын өргөө байгуулагдаад 5 жил болж байна. Энэ хугацаанд 70 сая төгрөгөөр номын сангаа баяжуулж 6 мянга гаруй монгол номоор хүүхдүүдэд үйлчилж байна. Номын өргөө цогцолборт зөвхөн Чингэлтэй дүүргийн гэлтгүй нийслэлийн аль ч цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд үйлчлүүлж, чөлөөт цагаа өнгөрүүлж, мэдлэгээ дээшлүүлж болох юм.